Завхан аймгийн музейн танхимын гол үзмэрүүдийн нэг нь Жамсрангийн орон хийдийн сийлбэр бүтээл юм.
Энэхүү бүтээлийг XIX зуунд Завхан аймгийн Алдархаан сумын уран дархан Ц.Сүрэн хийжээ. Жамсрангийн орон хийд нь модон дээр сийлж, уламжлалт шороон болон тосон будгаар жаазалсан сийлбэр үзмэр юм.
Дээд орой дээрээ орон хийд, гавал болон бусад элементийг сийлбэрлэж, өнгө гарган дүрсэлжээ. Доод хэсгээр нь бэрдүүдийг уул, ус, лусын дүрстэй хамт сийлбэрлэн харуулсан байна. Хэмжээлшгүй хилэнт дүртэй Улаан сахиус баруун гартаа хилэнцэт хорхойн бариултай сэлэм, зүүн гартаа дайсны уушги, зүрх барьж, нум сум, гурван үзүүртэй туг сугавчилсан байдлаар дүрсэлсэн байдаг.
Энэхүү бүтээл нь хүн, морь, хүүр гишгэмийг бадам цэцгийн наран мандлын дор улаан гал дүрэлзүүлэн, ясан сүмийн өмнө нөхөр сэлтийн хамтаар хүчин чадал төгс цогцолсон байдлаар дүрсэлсэн юм. Бүтээлийн дүр нь таван хохимойтой чойжингийн дуулга, баатрын хөө, хуяг, матар хоншоортой угалзтай гутал өмссөн бөгөөд хүний нойтон толгойн эрихийг тодотгожээ. Мөн галзуу чоно хөлөглөж, жад, цалам барьсан байдалтайгаар дүрсэлсэн нь хүч чадал, эрэлхэг байдлыг илэрхийлж байна.
Энэхүү бүтээлийг урласан “Уран” Сүрэн нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт амьдарч байсан, Монголд алдартай шашны модон сийлбэрийн уран дархан хүн байжээ. Түүний 40 орчим бүтээл одоо Занабазарын музей, Чойжин ламын сүмийн музейн Ядамын сүм музей, Завхан аймгийн музейд хадгалагдан үлдсэн байна.
Сонирхуулахад, “Уран” Сүрэнгийн “Жамсрангийн орон хийд” нэртэй сийлбэр бүтээлийн Жамсран бурхан нь Авид бурхны хувилгаан юм. Тэрээр маш догшин, хатуу хөнөөлтэй ертөнцийн тэнгэр байсан ч хожим Бурхны шашны сахиус болсон бөгөөд тэрсүүдийг хорлох үйлсэд эрхэм хэвээрээ байх учир бүтээлд хамгийн догшин, хатуу үйлсийг илэрхийлжээ. Хэдийгээр Жамсран догшин боловч дотоод сэтгэлийн дайсныг дарж, сэтгэлийн болон оюун ухааны сахилга батыг эрхэмлэдэг. Иймээс бясалгалаар хүмүүс өөрийн сэтгэлийн нүглийг дарж, бодь сэтгэлийг хөгжүүлэн, эрдэм чадлаа бүх амьтны тусын тулд зориулахыг эрхэмлэдэг байна.
Монголчуудын дунд “Улаан сахиус” хэмээн алдаршсан Жамсран бурхны нэрийг төвөдөөс орчуулбал “Эгч дүүс” гэсэн утгатай.
Жамсран бурхны хоёр үйлчний нэг зүүн гар талд Рэгвий лхам хэмээх эмэгтэй үйлчин байх ба биеийн өнгө хөх бараан, нүүр нь улаан, хилэнт төрхтэй, шүдээ ярзайлган, шинэхэн хүүр идэн цэнгэсэн, цус хуралдуулсан гурван нүдээр дайсны зүг ширтсэн, галан хөхөл үсийг доош намируулсан. Тэргүүн ба бүх биеэ алт, шүр, хаш, дун, оюу, чон, номин зэргээр чимсэн, чихэндээ шижир алтан ээмэг зүүсэн, нүүр царай нь догшин ширүүн, баруун мутартаа амь таслах зэс илд дайсанд далайсан, зүүн мутартаа зүрхийг дэлдэх төмөр пүрэв барьж зэтгэрт занасан. Хуурай тавин гавлын яс хийгээд могойн ясан чимэгт, хар хивэн өмсгөл хийгээд хүний арьсан малгай өмссөн, хүний мах идэж буй эм хар өтөг /баавгай/ хөлөглөсөн байна.
Жамсран бурхны баруун гар талд Лайхан срогдог хэмээх эм яргачин амаа ангайн, соёо шүдээ ярзайлган, дайсанд агсарсан, биеийн өнгө улаан, нэг толгойтой, тэргүүнийхээ үсээ ар шилэндээ зангидсан. Хоёр мутартай, үүнээс баруун мутартаа гурвалжин хиур бүхий улаан манжлагат жад далайсан. Зүүн мутартаа улаан цалмыг дайсны зүгт орхисон биендээ шүрэн хөө хуяг бүхий хүрэм өмссөн. Галзуу цөөвөр чоно /чононцор/ хөлөглөсөн догшин ширүүн дүр байдалтай байдаг тухай шашны ном сударт тэмдэглэгдсэн байдаг тухай Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг тайлбарлав.


