Австрийн хөгжмийн зохиолч, романтизмын гол төлөөлөгч Франц Шуберт 1797 оны энэ өдөр буюу нэгдүгээр сарын 31-нд мэндэлжээ.
Ф. Шуберт насан туршдаа ядуу амьдралтай өлөн зэлмүүр байж, өвчин эмгэгт ээрүүлж явсан боловч гунил, гутралд орж байсангүй. Эцэг нь түүнээс ургийн холбоогоо тасалж, сэтгэлтэй бүсгүй нь ядуу зүдүү гэж голж, ганцаардахад хүрчээ. Тэрээр 1818-1822 оны үед гуйлгачин шахам болж, гэртээ тавьсан хөгжмийнхөө хөлсийг ч төлж чадалгүй болтлоо ядарчээ. Өөрөө өчнөөн төчнөөн гайхамшигт зохиол бичивч худалдаж авах, тоглох газар олдохгүй байв. Амьд ахуйдаа алдарт есөн симфонийхоо нэгээс бусдыг нь сонсож чадаагүй юм. Өөрийг нь ганц удаа баярлуулсан үйд явдал болсон нь түүний амьдралын сүүлийн жилд анд нөхөд нь зохион байгуулж тоглуулсан уран бүтээлийнх нь концерт байв. Австрийн хөгжмийн их зохиолч Ф.Шубертийг гэрээслэлийн нь дагуу хөгжмийн суут зохиолч Л.Бетховенийг тавьсан газарт оршуулжээ. Энэ их хүн Л.Бетховений суу билгийг үргэлжлүүлэгчийн хувьд түүнтэй зэрэгцэн орших тавилантай байжээ.
Ф.Шубертийн “Төгсөөгүй” симфонийг “Ертөнцийн хөгжмийн хамгийн гайхамшигт туурвилын нэг” гэж урлаг судлаачид, их Л.Бетховений симфониудтай эн зэрэгцүүлж үнэлдэг билээ.
Ф.Шубертийн хөгжим бол чөлөөтэй хөврөх гүн бодрол, сэтгэлийн их уянга, намуун тансаг дуулал юм. Тэрбээр хүн төрөлхтөнд 1000 гаруй зохиолын өв санг үлдээжээ. Хөгжмийн театрт зориулан 20 орчим бүтээл, есөн симфони, есөн удиртгал, төгөлдөр хуурын 22 сонат, аязуудын хэд хэдэн түүвэр, дуулаачийн янз бүрийн зохиол, үүнээс 600 гаруй дуу нь уянгын шилдэг бүтээлд тооцогддог байна.
Хөгжмийн зохиолчийн системийн мэдлэг бүү хэл дунд сургуулийн боловсрол ч эзэмшээгүй Франц Шуберт бурхнаас заяасан авьяас билэг, нөр их хөдөлмөрийнхөө үрээр гайхамшигт бүтээлүүдээ туурвиж, суутны зэрэгт хүрчээ.