Анх 2006 онд дэлгэцнээ цацагдсан сонгодог романтик “The Holiday” киног Apple Tv+ стриминг платформ дахин хийхээр болжээ. Гэхдээ энэ удаа бүрэн хэмжээний уран сайхны кино биш цуврал хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа гэнэ.
Үйл явдлыг эргэн сануулахад, хоорондоо 9,000 километрээр зааглагдсан Англид амьдардаг Айрис Симпкинс (Кейт Уинслет) болон Өмнөд Калифорнид амьдардаг Аманда Вудс (Камеран Диас) нар интернэтээр дамжуулан бие биеийнхээ гэрт зул сарын амралтын өдрүүдээ өнгөрүүлэхээр болдог. Тус бүтээл нь баярын уур амьсгалтай бөгөөд хоёр тивийн хооронд өрнөх хайр сэтгэлийг өгүүлснээр үзсэн хүн бүрт инээд бэлэглэдэг билээ.
Сонирхолтой нь, уг төслийн талаар “The Holiday” киноны зохиолч, найруулагч Нэнси Майерс өөрөө ч мэдээгүй байсан гэдгээ Instagram хуудаснаа нийтэлсэн байна. Одоогоор уг цувралд хэн тоглох, хэзээ цацагдах зэрэг чухал мэдээллүүд хараахан олон нийтэд зарлагдаагүй байгаа ба төслийн зохиолчоор Крисси Дакер, зөвлөх продюсероор Роб Делани ажиллаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.