Олон кинонд бүтээсэн эсрэг дүрүүдээрээ алдартай Английн жүжигчин Теренс Стэмп ням гараг /2025.08.17/-т 87 насандаа таалал төгсжээ.
Энэ талаар жүжигчний гэр бүлийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Мөн талийгаачийн бие төлөөлөгч мэдэгдэл хийсэн боловч жүжигчний үхлийн шалтгааны талаар мэдээлээгүй байна.
Их Британийн нийслэл Лондон хотод төрсөн жүжигчин Терренс Стэмп 1960-аад оны эхээр урлагт хөл тавьж, жүжигчний гараагаа эхэлж байсан бөгөөд 60 гаруй жил үргэлжилсэн уран бүтээлийн замналынхаа туршид 80 орчим уран сайхны болон телевизийн кинонд гол болон туслах дүрийг бүтээж, мөн театрын тайзнаа жүжиглэж, видео тоглоомын салбарт дуу оруулагчаар ажиллаж байжээ.
Тэрбээр “Цөлийн хатан Присциллагийн адал явдлууд”, “Цуглуулагч”, “Уолл Стрийт”, “Оддын дайн: Нэгдүгээр анги” зэрэг олон кинонд дүр бүтээсэн ба түүний хамгийн алдартай, олонд танигдсан дүр нь 1978 оны “Супермен” болон 1980 оны “Супермен 2” кинонд бүтээсэн эсрэг дүр болох Генерал Зодын дүр юм.
Терренс Стэмп жүжиглэхээс гадна мөн зохиол бичдэг байжээ. Тэрбээр амьдралдаа ганцхан удаа гэрлэж (Элизабет О’Рурк, 2002-2008) байсан бөгөөд хүүхэдгүй ажээ.