Өнөөдөр алдарт жүжигчин Киану Ривз 61 нас хүрч байна.
Киану Ривз 1964 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 2-нд Ливан улсад төржээ. Тэрбээр Канадын иргэн бөгөөд түүний ээж нь Британи, аав нь Хятад-Хавайн гаралтай юм.
Түүний Киану хэмээх нэр нь Хавай хэлээр “Уулсын дээгүүрх сэрүүн салхи” гэсэн утгатай аж.
Кианугийн бага насанд гэр бүл нь Торонтод суурьшихаас өмнө Нью-Йорк хот, Австрали улсад амьдарч байжээ. Түүний ээж нь алдартай дуучдын хувцас дизайнер байсан бөгөөд ааваас нь салсны дараа найруулагч Пол Ааронтой гэрлэжээ.
Киану 18 настай байхдаа найруулагч хойд аавтайгаа Лос Анжелес руу нүүн суурьшжээ. Тэрбээр 1986 онд River’s Edge киноны гол дүрийн жүжигчнээр сонгогдсон нь түүний дэлгэцийн уран бүтээлийн гараа эхэлсэн гэж хэлж болно.
Дэлгэцийн урлагт шимтэгсэд түүний бүтээсэн дүрүүдээс гадна түүнд өөрт нь хайртай. Тэгвэл түүний төрсөн өдрийг тохиолдуулан яагаад түүнд хайртай байх шалтгаануудыг хүргэе.
“The Matrix” киноны төлөө
Киану Ривзийн урын санд байгаа хамгийн алдартай бөгөөд хамгийн сайн бүтээлүүдийн нэг бол яах аргагүй “The Matrix” кино юм. Өнөөдөр энэхүү киноны харилцан яриа, кадр бүр домог болж, компьютер график, кино зохиол нь олон арван бүтээлийг шинээр мэндлэхэд хүргээд зогсохгүй шүтэн бишрэгчдийн бүхэл бүтэн арми үүссэн билээ.
Сонирхолтой хоббинуудтай байсных нь төлөө
Киану Ривз залуу насандаа тэрээр олон сонирхолтой зүйлсийг хийж байв. Жишээ нь, тэрбээр Америкийн ард түмний “стандарт” спорт гэж хэлж болох хоккейн спортоор хичээллэж байсан удаатай.
Киану сургуулийнхаа хоккейн багт амжилт гаргаж, хаалгачийн үүргээ сайн биелүүлснийхээ төлөө “Хана” хэмээх хоч авч, тэр ч бүү хэл MVP буюу хамгийн үнэ цэнэтэй тоглогч болж байжээ. Сонирхуулахад, түүний хамгийн анхны томоохон кино ч бас хоккейтoй холбогдож байв. Тэрбээр 1986 онд “Youngblood” кинонд хаалгачийн дүрийг бүтээж байсан түүхтэй.
Түүний бас нэгэн хобби нь дуу хөгжим. 1980-аад онд Киану “Dogstar” нэртэй гранж хамтлагийн гитарчин байсан бөгөөд үүнээс 20 жилийн дараа “Becky” гэх хамтлагийн гишүүн болсон байдаг.
Тэсвэр хатуужлынх нь төлөө
Ирээдүйн супер одын хүүхэд нас Холливуудаас холхон өнгөрсөн. Үнэн хэрэгтээ унших чадваргүй (дислекси) хүүхэд ирээдүйд жүжигчин болно гэж мөрөөдөж ч байгаагүй биз ээ. Гэсэн хэдий ч өвчин эмгэг, хар тамхины хэргээр шоронд хоригдож буй аав, дахин гэрлэсэн ч хувийн амьдрал нь бүтэлгүйтсэн ээж зэрэг хүнд хэцүү зүйлсийг үл харгалзан тэрээр өөрийн амьдралаа босгож чадсан юм.
Харамсалтай нь, 2000-аад оны эхэн үед түүний амьдралд дахин хоёр эмгэнэлт явдал тохиолджээ. Эхлээд түүний бие давхар найз бүсгүй Женнифер Сайм төрөхөөс долоо хоногийн өмнө хүүхдээ алдсан бол энэ явдлаас нэг жилийн дараа тэрбээр автомашины осолд орон таалал төгссөн юм.
Дүрийн сонголтынх нь төлөө
Түүнийг домог болгосон “The Matrix”, “John Wick” кинонуудаас гадна Киану Ривз хэд, хэдэн сайн кинонд тоглосон байдаг. Тухайлбал, Гас Ван Сентийн “My Own Private Idaho”, Тейлор Хэкфордын “The Devil’s Advocate”, Стивен Фрирзийн “Dangerous Liasons”, Алехандро Агрестигийн “The Lake House”, Бернардо Бертолуччигийн “Little Buddha” зэрэг бүтээлүүдийг дурдаж болно.
“Оскар”-ын шагнал аваагүйнх нь төлөө
Хүн бүрийн дуртай, олон дурсамжийн баатар, зүгээр л агуу жүжигчин Киану Ривз “Оскар”-т ойртоогүй. Түүгээр ч барахгүй тэрбээр “Алтан бөмбөрцөг”-т ч хүртээгүй. Гэсэн сонгогдож бүтээсэн дүр бүрээрээ дэлхийг байлдан дагуулсан тэрбээр өөрийн нэрийг сая сая зүрх сэтгэлд үүрд үлдээсэн бөгөөд энэ нь ямар нэгэн шагналаас хамаагүй илүү утгатай юм.
Шүтэн бишрэгчидтэйгээ ойр байдгийнх нь төлөө
Киану Ривзийн талаар цацагдаж буй мэдээллийн дийлэнх нь түүний карьерын талаар бус харин шүтэн бишрэгчидтэйгээ хэрхэн харилцдаг тухай байдаг. Тухайлбал, тэртээх 2001 онд тэрбээр залуу шүтэн бишрэгчээ баярлуулахын тулд зайрмаг худалдан авч, баримт дээр нь гарын үсгээ зуран өгч байв.
Мөн Стейси Хант гэх шүтэн бишрэгч бүсгүй гэрийнхээ гадаах талбайд Киану Ривзэд зориулан “Чи гайхалтай” гэсэн бичигтэй самбар өлгөсөн байсан бол үүнийг нь олж харсан Киану тэрхүү самбар дээр “Стейси чи гайхалтай” хэмээн нэмж бичиж, гарын үсгээ зурж үлдээжээ. Ингээд ч зогсохгүй алдарт жүжигчин эмнэлгүүдийг спонсорлож, гудамжинд төөрсөн хүмүүст тусалж, тэр ч бүү хэл ослын буулт хийж буй онгоцны зорчигчдыг тайвшруулахын тулд хөгжөөдөг.
Загварын сонголтынх нь төлөө
2019 оны дөрөвдүгээр сард Киану Ривз “Saint Laurent” брэндийн эрэгтэй хувцасны нүүр царайгаар тодорсон билээ. Францын алдарт загварын ордны хувцсыг өмссөн Киану огт хичээл зүтгэл гаргаагүй атлаа маш догь харагдаж байсан гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Тус брэндийн бүтээлч захирал Энтони Ваккарелло тэр бүр шинэ төсөлд оролцоод байдаггүй жүжигчнийг хамтран ажиллахыг ятгаж чаджээ.