Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”, Соёлын сайдын 2023 оны А/317 дугаар тушаал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/253 тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого зохион байгуулах Улсын комиссын болон салбар комиссын дарга, гишүүд нарын уулзалт, хуралдааныг 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 16-ны хооронд дөрвөн удаа, салбар комиссын гишүүд, музей, соёлын өвийн албан хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах нэгдсэн сургалтыг 2025 оны есдүгээр сарын 17, 19-ний өдрүүдэд гурван удаа танхимаар болон цахимаар тус тус зохион байгууллаа.
“Түүх, соёлын хөдлөх дурсгалын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого-2025” гарын авлага, “Тоолов-2025” тэмдэг, “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын дэвтэр-2025” зэргийг хүлээлгэн өгснөөр “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого” 2025 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс Улсын хэмжээнд эхэлж байна.
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг зохион байгуулснаар нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай хөдлөх дурсгалын жагсаалт, шинж чанар, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, эерэг болон сөрөг нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох, нэгдсэн тоон дүн болон тооллогын мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зэрэг үр дүн, ач холбогдолтой.
Түүх, соёлын хөдлөх дурсгалын улсын тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн музей, орон нутаг судлах танхим, Монголын үндэсний номын сангийн үнэт ховор номын музей, галерей, Монгол банкны эрдэнэсийн сан, их дээд сургууль, ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн, шашны байгууллага, хувийн музей зэрэг 320 гаруй байгууллага хамрагдаж байгаа бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сардаа багтаан дуусгахаар ажиллаж байна.