Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Мөрөөдөл дүүрэн “ТАТАР”
Кино

Мөрөөдөл дүүрэн “ТАТАР”

Урлаг Урлаг24/09/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Татар” хамтлагийн энэ дууг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Бусдын хайрыг хүндэлж, бусдыг хайрлаж байж хүн бусдаар хайрлуулж, хүндлүүлж явна гэсэн энгийн мөртлөө гүн гүнзгий агуулгатай энэ дууны утгыг Б.Батдэлгэр найруулагч “Татар” киноны амин гол санаа болгон шингээж чаджээ.

Ерээд оны сүүлчээр анхлан байгуулагдаж, 2000 оны эхээр эрчээ авч, хүмүүсийн сонсох дуртай хамтлаг болсон “Татар”-ынхан өдгөө хэдийнэ 20 гаруй жил уран бүтээлээ хийж, өнөөдөр ийнхүү өөрсдийн амьдрал, уран бүтээлийн бодит түүхийг кино болгон үзэгчиддээ хүргэжээ.

Зах дээр ундаа, бараа зарж, халаасны хулгайч, гудамжны хулгиануудтай зодолдох сахилгагүй хөвгүүдийг борог ахуй, бодол хөврүүлсэн олон асуудлаас нь чөлөөлж, зүрх сэтгэлийг нь соронздон татсан зүйл бол хип хоп хөгжим. Эхлээд зүгээр л сонсох дуртай байж байгаад дараа нь түүн шиг хөгжим бүтээвэл болох юм шиг мэдрэмж бодол, сэтгэлд нь бууж, үг холбож, түүнийгээ аялах гэж оролдсоор өөрсдийн үзэл бодол, хөг аялгуу шингэсэн дууг тайзнаас хүргэх болсон нь тун товчоор “Татар”-ын эхлэл.

Тэгээд бүр давтагдашгүй байхыг эрхэмлэсэн нь тэдний өнөөдрийг хүртэлх хүмүүст хүрсэн гол мөн чанар, зарчим байна. Энэ бүхнийг тус кинонд багтаан “боосноороо” бидэнд хамтлагийн гишүүдийг, тэдний дуу хоолойг улам ойртууллаа.

Киноны продюсер, “Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулууны дүрд  “Бидний гэр бүл”, “Хүлээх өрөө”, “Мөрч” тэргүүтэй олон киноны гол дүрд тоглосон жүжигчин Х.Сумъяадорж, хамтлагийн гишүүн Б.Батзаяагийн дүрд “Gangbay” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Гангаа, Ч.Жаргалсайханы дүрд залуу жүжигчин Н.Түвшин, Байндаагийн дүрд жүжигчин Б.Тэмүүжин нар тоглосон нь төрх байдлын хувьд тун төстэй байхаас гадна дүрдээ ч амжилттай ажилласан гэдгийг үзсэн хүмүүс мэднэ байх.

Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй, хүн хаана, ямар нөхцөлд байгаагаас үл шалтгаалан мөрөөдөж, түүндээ хүрэх гэж тэмүүлдгийн нэгэн жишээ эл хамтлагийнхан юм. Амьдралын уналт, өсөлт, шантралтын дунд түр зогсолт хийсэн ч бүдрэхгүйгээр урагшилж, дахин эхлэхдээ улам чангарч, хэнд ч дийлдэхгүйгээр босож чаддаг нь мөрөөдлийнхөө эхлэл дээр зогсож буй, өөдөө өгсөн яваа хэн бүхэнд урам өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн аливааг хийхээр зорьж яваа хэн бүхнийг тодруулж, чиглүүлж, үзүүрлэдэг хүмүүс ямагт байдаг. Тэдний тийм нэг ах Майдарын дүрийг жүжигчин Н.Ялалт бүтээжээ. Түүний дүр дэггүй залууст хэчнээн нөмөр түшигтэй, хань бараатай байв аа. Үзэж суугаа үзэгчид хүртэл тайвшрал, “За студийн энэ ах нь л тэднийг нэг юманд хүргэнэ дээ” гэх итгэлийг төрүүлж байв.

Хамгийн гол нь авьяас билиг, нөөц бололцоо хүнд байж болох ч хандлага буруу бол ахихгүй. Ерөөсөө л тухайн зүйлд хэрхэн хандаж байгаагаас цааш олон юм хамаардаг гэдгийг ч залуус харуулсан.

Хэрэв тэд киноны эсрэг дүрийн хулгиан Кубана шиг бусдыг дуурайж, аливааг аргацааж, танил талаараа ярьж амжилтын өөд зүтгэсэн бол өдийд “Татар” гэх хамтлаг магадгүй байхгүй байж ч мэдэх юм. Байлаа ч хүмүүсийн хайр талархлыг хүлээж чадах нь эргэлзээтэй. Харин өөрсдийнхөөрөө хийж, бүтээж, үнэн байх гэж хичээж, бусдыг хүндэлж, хайрласан нь тэднийг өнөөдрийн амжилтад хөтөлж, Монголын урлагийн нэрт хамтлагийн нэгт зүй ёсоор багтаажээ. Тэдний зарчим бол их энгийн, гэхдээ хүн бүрийн барьж, мөрдөж чаддаг зүйл биш. Энэ бол хайрлах, хүндлэх, үнэн байх. Энэ гурван зарчмаар жигүүр хийж, олон сайхан хит дууны эзэн болсон тэдэнд баяр хүргэе.

Энэ хүртэл барьж ирсэн зарчим, гол философи, амьдрал, хүсэл мөрөөдлийг нь киноноос нь тун тодорхой ойлголоо. Дуунууд нь улам ч амьтай боллоо. Дахиад ч түүх, дурсамж, хайр, хүндлэл агуулсан уран бүтээлүүд тасрахгүйгээр хөвөрнө гэдэгт итгэлтэй байна.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Боролдойн цаг” дахин “мэндэллээ”

24/09/2025
Кино Урлаг

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы “Шалз” уран сайхны кино аравдугаар сарын 10-наас үзэгчдэд хүрнэ

23/09/2025
Дүрслэх урлаг Урлаг

Үзэсгэлэнт “Гүүр”

23/09/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Мөрөөдөл дүүрэн “ТАТАР”

24/09/2025

“Боролдойн цаг” дахин “мэндэллээ”

24/09/2025

“Дорнын говийн тусгал” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэв

24/09/2025

Каллиграфийн урлагийн нэгдсэн холбоог байгууллаа

24/09/2025

Хүний нүүрний хөдөлгөөнийг илэрхийлж чаддаг хүн төрхт робот шуугиан тарьж байна

23/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.