“Netflix”-ийн “Kpop Demon Hunters” анимэйшн бүтээл цацагдсан даруйдаа дэлхий даяар шуугиан тарьж, ердөө хэдхэн долоо хоногийн дотор 325 сая гаруй үзэлттэй болж платформын хэмжилтээр шинэ дээд амжилт тогтоолоо.
Бүтээлийн гол дуу болох “Golden” нь хөгжмийн ертөнцөд шинэ эрин нээв. Энэхүү уянгалаг бүтээл АНУ-ын “Billboard Hot 100” жагсаалтад найман долоо хоног дараалан нэгдүгээр байрт бичигджээ.
Шүүмжлэгчид уг дууг 2025 оны хөгжмийн хамгийн хүчтэй үзэгдэл гэж тодорхойлж байгаа бөгөөд киноны гол дүр болох Рүмигийн түүх олон сая хүний зүрхэнд хүрч чаджээ.
Түүнчлэн киноны “Sing-a-long” хувилбар наймдугаар сард АНУ-ын “Box Office”-ийг тэргүүлсэн нь үзэгчдийн хүлээлт хэр өндөр байсныг харуулсан хэрэг. Найруулагч Крис Аппелхансийн хэлснээр “энэ бүтээл бол дуу, дүр, мэдрэмжийн төгс нэгдэл” бөгөөд үзэгчид Рүмигийн сэтгэлийн аяллыг өөрийнхөөрөө мэдэрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
“Netflix” тус бүтээлийг ирэх оны “Оскар”-ын “Шилдэг анимэйшн кино” төрөлд нэр дэвшүүлэхээр төлөвлөж байна. Найруулагч Мэгги Канг “Бүтээлийн сэтгэл хөдлөл, дуу хоолойн нийцэл нь үзэгчдийн зүрхийг хөдөлгөсөн хамгийн том шалтгаан” хэмээн онцолж, цааш үргэлжлэл гарах магадлалтайг дурджээ.