Дорнод аймгийн Алтангадас одонт ХДТ-ын симфони оркестр киноны хөгжмүүдээс бүрдсэн бүрэн хэмжээний концертоо хоёр өдрийн турш танхим дүүрэн үзэгчтэй тоглолоо.
Тус театрын уран бүтээлчид иргэд, олон нийтийн сонгодог урлагийн боловсролыг дээшлүүлэх, сонгодог хөгжмийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр шинэ тоглолт хүргэдэг уламжлалтай. Энэ удаад оркестр найруулгын удирдлага дор Н.Жанцанноров, Б.Шарав, Г.Бирваа, З.Хангал нарын шилдэг бүтээлүүдийн хамт Жон Уильямс, Ханс Циммер, Эннио Морриконе зэрэг дэлхийн киноны хөгжмийн нэрт зохиолчдын бүтээлүүдийг эгшиглүүллээ.
Концертод урилгаар хөгжим судлаач, удирдаач УГЗ А.Цэдэн-Иш хүрэлцэн ирж “Мандухай сэцэн хатан”, “Тань руу нүүж явна”, “Нийслэл хүү” зэрэг МУСК-ны хөгжмийг удирдан тоглуулж, үзэгчдийн сонорыг мялаав. Мөн Монгол Улсын Консерваторид Дорнод аймгаас суралцаж буй бяцхан хөгжимчид энэхүү тоглолтод оролцсон нь бас нэгэн шигтгээ байлаа. Тэд ирээдүйд МУАЖ Ваандангийн Боролдой агсны үүсгэн байгуулсан, орон нутагт цор ганц симфони найрал хөгжмийн түүхийг бичилцэхээр ийнхүү бэлтгэгдэж байна.
В.Боролдой агсан 1978 онд “Цэнхэр дурдан алчуур” хэмээх гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт бүжгийн жүжгийн хөгжмийг өөрийн байгуулсан оркестртоо зориулан анх тайзнаа тавьж байжээ. Хоёр жилийн дараа Хөгжимт драмын театрын симфони оркестрын 50 жилийн ой тохионо. Өдгөө тус оркестр өөрийн болон дэлхийн сонгодог 20 шахам хөгжмийн бүтээлийг түүвэрлэн тоглож байна.










