XVII жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монголын тайз, дэлгэц, кино урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, гол болон туслах дүрүүдийг өндөр ур чадвар, дүрийн гүн шийдлээр бүтээж, үзэгч түмний гүн хүндэтгэлийг хүлээн, уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэн, үндэсний соёл урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн “Нүүдэл” продакшны захирал, жүжигчин Дашнямын Цэрэндарьзавт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

Монгол Улсын Ардын жүжигчин, ОХУ-ын Буриад Улсын Гавьяат жүжигчин Дашнямын Цэрэндарьзав нь 1945 онд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төржээ. Тэрбээр 1967 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа Улсын драмын театрт жүжигчнээр эхэлж, гавьяаныхаа амралтанд гартлаа тус театраараа овогложээ.
Д.Цэрэндарьзавыг үзэгчид театрын тайзнаа бүтээсэн дүрүүдээс нь гадна “Хүргэн хүү”, “Тэмцэл”, “Эхлэл”, “Хань” “Хүний төлөө”, “Хүний амь”, “Үүр цайхын өмнө”, “Мандах нарны туяа”, “Сүүн цагаан өргөө”, “Буяны нүгэл”, “Гал хам”, “Их хааны удам”, “Хадаг”, “Солиот эх”, “Ер бусын ертөнц” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээр нь андахгүй юм.

