Токиогийн “Шинжүкү” өртөөний шөнийн харуул Шүэцү Сато наалддаг туузан тэмдэглэгээгээрээ Японд танигдав. 72 настай Шүэцү Сато мэргэжлийн загвар зохион бүтээгч биш. Тэрбээр Шинжүкү өртөөнд шөнийн ээлжийн хамгаалагч бөгөөд 2004 онд тус өртөө засварт орж, зорчигчид чиглэл асуух нь нэмэгдэх үед наалддаг туузаар түр тэмдэглэгээ хийж эхэлжээ. Түүний хийсэн тэмдэглэгээ ойлгомжтой, харахад амар тул өртөөний дарга энэ төрлийн ажлыг даалгах болсон байна.

Ингэж энгийн чиглүүлэг бичиг Японы өдөр тутмын дизайны өвөрмөц жишээ болж хувирчээ. Шүэцү Сато өртөөний гарц, галт тэрэгний шугам, явган хүний урсгалыг заах бичвэрүүдээ өнгө өнгийн наалддаг туузаар хийнэ. Үсгийн хэлбэр нь зузаан, дугуй ирмэгтэй, алсаас уншихад тод байдаг нь зорчигчдын анхаарлыг татдаг байна.

Түүний бүтээлүүд олонд танигдсанаар киноны зурагт хуудас, музейн тэмдэглэгээ зэрэг захиалга олон газраас ирэх болов. “Reuters”-ийн мэдээлснээр “Nintendo”, “Suntory” зэрэг томоохон компани ч түүнд ажлын санал тавьсан байна. Өнгөрсөн онд Японы Тэмдэгтийн дизайны холбоо түүний “Shuetsu-tai” хэмээн нэрлэгдэх болсон бичгийн хэв маягт тусгай шагнал олгожээ.

Түүнд “Nike”-ийн Шинжүкү дэх шинэ дэлгүүр ч ажлын санал тавьсан байна. Дэлгүүрийн лого Шүэцү Сатогийн наалддаг туузан бичгийн хэв маягтай зохицсон төдийгүй дэлгүүрийн дотоод тэмдэглэгээнд ч Токиогийн тээврийн системийн дүрслэлээс санаа авсан шийдлийг ашигласан байна.

Шүэцү Сато ажлынхаа үнэлгээг өөрөө тогтоодоггүй, харин захиалагчдын хэлснээр тогтоохыг илүүд үздэг байна. Ажиллах үеэрээ хоол, унааны зардлаа даалгах, мөн бүтээлээ зөвхөн наалддаг туузаар хийх нөхцөл тавьдаг гэж “Reuters” мэдээлжээ. Шинжүкүд хийсэн ажлынхаа төлөө тэрбээр өртөөний даргаас талархлын бичиг, шампунийн иж бүрдэл авч байсан бол өөр нэг өртөөний дарга түүнд оймс бэлэглэжээ. 
Шүэцү Сатогийн түүх нь өдөр тутмын хэрэгцээнд суурилсан энгийн шийдэл хэрхэн мэргэжлийн дизайны үнэлэмж болж чаддагийг ийн харуулав.


