Их Британийн музей Францын алдарт Байёгийн хивс (Bayeux Tapestry)-ийг дэлгэн үзүүлэх тасалбар худалдаанд гаргахад эрэлт ихээр үүсэж, арван мянга гаруй хүн нэгэн зэрэг цахимаар дараалал үүсгэжээ.
70 метр урт энэхүү хивс нь 1066 оны Хастингсийн тулалдаан болон Уильям Байлдан дагуулагч Английн хаан болсон үйл явдлыг дүрсэлсэн, бараг 1000 жилийн настай түүхэн бүтээл юм. Судлаачдын үздэгээр уг хивсийг Английн урчууд урласан байж болох ч сүүлийн 950 орчим жилийн турш Францад хадгалагдаж иржээ.
Энэ нь хивсийг Англид бараг мянган жилийн дараа анх удаа дэлгэн үзүүлж буй тохиолдол бөгөөд 2026 оны есдүгээр сараас 2027 оны долдугаар сар хүртэл Британийн музейд олон нийтэд толилуулах юм. Үүнийг сүүлийн жилүүдийн хамгийн чухал соёлын үзэсгэлэнгийн нэг гэж үнэлж байна.
Тасалбарын үнэ оргил ачааллын үед 33 фунт стерлинг, харин ачаалал багатай үед 27 фунт байхаар тогтоожээ. 16 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Байёгийн хивс маш эмзэг болсон тул Францаас Их Британи руу доргилт, чичиргээг шингээх зориулалттай тусгай тээврийн хайрцагт хийж, чийгшил, температурыг нарийн хянах нөхцөлд тээвэрлэхээр төлөвлөжээ. Даатгалын үнэлгээ нь 800 сая фунт стерлинг хүрсэн байна.
Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн урлагийн арга хэмжээ бус, Их Британи, Францын соёлын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэж үзэж байна. Үүний хариуд Их Британи Францад Саттон Хугийн олдвор, Льюисийн шатрын хөлгүүд зэрэг үнэт дурсгалуудыг түр үзүүлэхээр тохиролцжээ.

