1998 онд дэлгэцэнд гарч, дэлхийн сая сая үзэгчдийн хайрыг татсан “The Parent Trap” киноны 30 жилийн ой 2028 онд тохионо. Энэхүү ойг угтан киноны үргэлжлэл ангийг бүтээж магадгүй гэсэн мэдээлэл Холливуудад яригдаж эхэлжээ.
Сүүлийн үед кинонд гэрийн үйлчлэгч Чессиийн дүрийг бүтээсэн жүжигчин Лиза Энн Уолтер нэгэн ярилцлагын үеэр продюсерууд түүнтэй “Parent Trap 2”-ын талаар холбогдсон талаар дурдсан нь фэнүүдийн анхаарлыг татаад байна. Хэдийгээр албан ёсны мэдэгдэл гараагүй ч үргэлжлэл хийх тухай яриа үнэхээр өрнөж байгааг тэрбээр баталжээ.
Хамгийн сонирхолтой нь, киноны гол дүрийг бүтээсэн Линдсей Лохан энэ төсөлд эргэн нэгдэх магадлалтай гэх шуугиан гарчээ. “The Parent Trap” бол тухайн үед ердөө 11 настай байсан Линдсей Лоханы анхны томоохон кино бөгөөд тэрбээр нэг кинонд хоёр ихэр охины дүрийг бүтээж, дэлхий даяар алдаршсан юм.
Анх 1961 онд гарсан ижил нэртэй киноноос сэдэвлэн бүтээсэн 1998 оны хувилбар нь дэлхий даяар 92 сая ам.долларын орлого олж, өнөөдрийг хүртэл “Disney”-н хамгийн хайртай гэр бүлийн кинонуудын нэг хэвээр үлдсэн байна.

