Их Британийн дуучин Лорен Беннетт 36 насандаа таалал төгслөө. Энэхүү харамсалтай мэдээг түүний хамтран зүтгэж байсан “G.R.L.” хамтлагийнхан өөрсдийн албан ёсны инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна.
Лорен Беннетт Английн Кент мужид төрж өссөн бөгөөд анх “The X Factor” шоуны шалгаруулалтад оролцсоны дараа “Paradiso Girls” хамтлагт элсэж, дараа нь “G.R.L.” хамтлагийн гишүүн болсон. Түүнийг сонсогчид 2011 онд LMFAO хамтлагийн дэлхий даяар хит болсон “Party Rock Anthem”, мөн “Ugly Heart”, “Wild Wild Love” зэрэг хит дуунуудаар нь андахгүй.
Түүний нас барсан шалтгааныг албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд Английн холбогдох байгууллага мөрдөн шалгаж байна.
“G.R.L.” хамтлагийн гишүүд Лорен Беннеттийг “Авьяаслаг, эелдэг, бусдад үргэлж урам өгдөг хүн байсан” хэмээн дурсан эмгэнэл илэрхийлжээ. Мөн түүний аав охиноо сүүлийн саруудад эмчилгээтэй холбоотой хүндрэлтэй тулгарсан гэж мэдэгдсэн байна.

