Ариана Гранде удахгүй Лондонд тоглогдох гэж байсан мюзиклийн гол дүрээс татгалзаж, олны анхаарлаас хэсэг хугацаанд хөндийрөхөөр болжээ.
Тодруулбал, АрианаГранде Стивен Сондхаймын алдарт “Sunday in the Park with George” мюзиклийн шинэчилсэн хувилбарт тоглохоор төлөвлөж байсан бөгөөд энэ нь түүний Лондонгийн “West End” театрын тайзан дээрх анхны тоглолт болох байв. Тэрбээр уг бүтээлд “Wicked” киноны хамтран тоглосон жүжигчин Жонатан Бэйлигийн хамт тоглох байсан юм. Тус мюзиклийг 2027 онд Лондонгийн “Barbican” театрт толилуулахаар төлөвлөжээ.
Гэвч Грандегийн төлөөлөгчийн мэдээлснээр дуучин бүсгүй тасралтгүй үргэлжилж буй олон нийтийн хяналт, анхаарлаас болж уран бүтээлээ түр завсарлах шийдвэр гаргасан байна. Тэрбээр одоо үргэлжилж буй “Eternal Sunshine Tour” аялан тоглолтоо дуусгасны дараа завсарлах гэнэ. Түүний аялан тоглолт 2026 оны есдүгээр сарын 1-нд Лондонгийн “O2 Arena”-д өндөрлөх юм.

