Өмнөд Солонгосын Канвон муж Каннын хотод энэ сарын 3-7-ны өдрүүдэд “Каннын олон улсын өсвөр насны хүүхдийн урлагийн наадам” боллоо. Наадамд манай улсаас Элит бүжгийн студийн “Эрдэнэс” хамтлаг оролцож үндэсний өв соёлоо сурталчлан таниулав.
Монгол, Япон, БНСУ, Тайланд, БНХАУ-аас 170 бүжигчин оролцож, “Эрдэнэс” хамтлаг нумтай бүжгээ толилуулсан юм. Энэхүү бүтээл нь эртний нүүдэлчдийн ахуй, харваачдын хөдөлгөөнийг илэрхийлж, ан агнах, харвах эрдмийг өгүүлсэн байдаг.
Дэлхийн улс орнуудын өсвөр үеийнхэн, хүүхэд залуучуудыг урлаг, соёлоор дамжуулан холбож, харилцан ойлголцох, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой энэхүү наадмыг 2002 оноос хойш тасралтгүй 25 дахь жилдээ зохион байгуулж байна.
Элит бүжгийн студи нь Төв аймгийн Зуунмод хотноо гурван жилийн өмнө байгуулагдаж хүүхэд залууст бүжгийн урлагийг таниулж байна.

