Жүжигчин Жаред Лето АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн амь үрэгдсэн үйл явдлыг өгүүлэх улс төрийн триллер кинонд гол дүр бүтээхээр яригдаж байсан ч сүүлийн үед гарсан ноцтой мэдэгдлүүдийн улмаас уг боломжоо алдсан гэх мэдээлэл цацагджээ.
“Page Six”-ийн мэдээлснээр, “Assassination” нэртэй шинэ киног “Оскар”-ын шагналт найруулагч Барри Левинсон найруулах бөгөөд “Оскар”-ын эзэн, “30 Seconds to Mars” хамтлагийн дуучин Жаред Лето гол дүрийн төлөө бараг эцсийн шатны хэлэлцээрт хүрээд байсан байна. Гэвч түүний нэртэй холбоотой шинэ дуулиан гарсны дараа кино бүтээгчид өөр шийдвэр гаргасан гэж мэдээлж байна.
Барри Левинсоны шинэ бүтээл “Assassination” кинонд Аль Пачино, Жессика Честейн, Брендан Фрейзер, Брайан Крэнстон нарын нэртэй жүжигчид оролцохоор яригдаж байна. Ийм том бүрэлдэхүүнтэй төсөлд Жаред Лето гол дүр бүтээх боломжтой байсан ч одоо түүнийг орлох өөр жүжигчин сонгогдох магадлалтай болжээ.

