Жүжигчин Жон Малкович Румын гаралтай алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрийг “The Yellow Tie” кинонд бүтээлээ.
Уг намтарчилсан киноны нээлтийг ирэх аравдугаар сарын 9-нд Их Британийн кино театруудаар хийнэ.

Кинонд Жон Малкович Челибидакегийн ахимаг насны дүрийг бүтээсэн бол “The Madison”, “Pride” киноны жүжигчин Бен Шнецер түүний залуу үеийн дүрд тогложээ. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнд Шон Бин, Миранда Ричардсон, Кейт Филлипс нар багтсан байна.
“The Yellow Tie” киног Челибидакегийн хүү Серж Иоан Челибидаке найруулж, зохиолыг хамтран бичжээ. Кинонд түүний хатуу дэг журамтай хүүхэд нас, Берлин дэх уран бүтээлийнх нь эхлэл, Дэлхийн дайны хүнд хэцүү үе, улмаар сонгодог хөгжмийн ертөнцөд амжилт олсон ч маргаан дагуулсан карьерынх нь замналыг өгүүлнэ.
20 дугаар зууны хамгийн агуу удирдаачдын нэг хэмээн үнэлэгддэг Сержиу Челибидаке өөрийн бичлэгүүдийг худалдаанд гаргахаас татгалздаг байснаараа алдартай. Тэрбээр хөгжмийг шууд тоглолтын үеэр сонсохгүй бол сонсогч жинхэнэ, “дээд мэдрэмж”-ийг авч чадахгүй гэж үздэг байв.

