“The Hunger Games”, “Silver Linings Playbook”, “X-Men” зэрэг кинонуудаар дэлхий даяар алдаршиж, драм, тулаант кино, инээдмийн болон сэтгэлзүйн төрөлд өөрийгөө сорьж, үеийнхээ хамгийн амжилттай жүжигчдийн нэг болж чадсан Женнифер Шрейдер Лоуренсын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Женнифер Лоуренс 1990 оны наймдугаар сарын 15-нд АНУ-ын Кентакки мужийн Луисвилл хотын ойролцоо төржээ. Тэрбээр хоёр ахын хамт өссөн бөгөөд багадаа спортод идэвхтэй, чөлөөт цагаараа сагсан бөмбөг, софтбол, талбайн хоккей зэрэг спортоор хичээллэдэг байв. Тухайн үедээ жүжигчин болно гэж төлөвлөөгүй бөгөөд бүр эмч болох тухай боддог байсан гэдэг.
Түүний амьдралын чиглэл 14 настайд нь эрс өөрчлөгджээ. Нью-Йорк хотод гэр бүлийнхээ хамт аялж байх үед нэгэн хүн түүнийг анзаарч, зураг авахыг хүссэн нь жүжигчний замналын эхлэл болсон байна. Удалгүй тэрбээр дэлгэцийн уран бүтээлүүдийн шалгаруулалтад орж, телевизийн сурталчилгаа болон жижиг дүрүүдэд тоглож эхэлжээ.

2007 онд Лоуренс “The Bill Engvall Show” телевизийн цувралд гол дүрүүдийн нэгээр тоглосон нь түүнийг үзэгчдэд танил болгожээ. Үүний дараа “The Burning Plain”, “The Poker House” зэрэг кинонд дүр бүтээсэн байна.
![]()


2010 онд гарсан “Winter’s Bone” кино Женнифер Лоуренсын карьерын томоохон эргэлтийн цэг болжээ. Тэрбээр гэр бүлээ авч үлдэхийн төлөө тэмцэж буй өсвөр насны охины дүрийг бүтээж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээг авсан юм. Энэхүү дүрээрээ тэрбээр анх удаа “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн бөгөөд тухайн үедээ дөнгөж 20 настай байв.

2012 онд Женнифер Лоуренсын нэрийг дэлхий дахинд таниулсан бүтээл болох “The Hunger Games” нээлтээ хийв. Тэрбээр Сюзанн Коллинзийн зохиолоос сэдэвлэсэн эл кинонд зоригтой, тэмцэгч Катнисс Эвердиний дүрийг бүтээсэн юм. Кино асар их амжилт олж, Женнифер Лоуренс богино хугацаанд Холливуудын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болжээ. Тэрбээр “The Hunger Games: Catching Fire”, “Mockingjay – Part 1”, “Mockingjay – Part 2” зэрэг үргэлжлэлүүдэд Катниссын дүрээ дахин бүтээсэн. Цуврал кино дэлхий даяар олон тэрбум ам.долларын орлого олсон томоохон франчайз болсон юм.

Женнифер Лоуренсийн карьерын бас нэгэн чухал бүтээл бол 2012 оны “Silver Linings Playbook” кино байлаа. Тэрбээр 2013 онд уг дүрээрээ “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртжээ. Тухайн үедээ дөнгөж 22 настай байсан Женнифер Лоуренс Холливудын хамгийн залуу “Оскар”-ын шагналт жүжигчдийн нэг болсон юм.

Женнифер Лоуренс супер баатрын ертөнцөд ч амжилт гаргасан. Тэрбээр “X-Men: First Class” киноноос эхлэн Mystique буюу Рэйвен хэмээх дүрийг бүтээж, дараагийн “X-Men” кинонуудад уг дүрээ үргэлжлүүлэн тоглосон юм. 2015 онд тэрээр найруулагч Дэвид О. Расселлтэй дахин хамтран ажиллаж, “Joy” кинонд бодит амьдралын зохион бүтээгч, бизнес эрхлэгч Жой Манганогийн дүрийг бүтээжээ. Энэ дүрээрээ “Оскар”-ын шагналд дахин нэр дэвшсэн бөгөөд 25 насандаа дөрвөн удаа “Оскар”-т нэр дэвшсэн түүхэн амжилтыг үзүүлсэн байна.
Үүний дараа “Passengers” (2016), “Mother!” (2017), “Red Sparrow” (2018) зэрэг өөр өөр жанрын кинонд тоглож, жүжигчний хувьд зөвхөн нэг төрлийн дүрээр хязгаарлагдахгүй гэдгээ харуулсан юм.



Женнифер Лоуренс 2018 онд “Excellent Cadaver” нэртэй өөрийн продакшны компанийг байгуулж, жүжиглэхийн зэрэгцээ кино бүтээх ажилд оролцож эхэлсэн байна. Тус компани “Causeway”, “No Hard Feelings” зэрэг Женнифер Лоуренсын сүүлийн үеийн уран бүтээлүүдийн ард продюсероор ажиллажээ. Мөн Афганистан дахь эмэгтэйчүүдийн амьдралын тухай “Bread and Roses” баримтат киног бүтээхэд оролцсон байна.

2023 онд Женнифер Лоуренс “No Hard Feelings” инээдмийн кинонд тоглосон нь түүний илүү хөнгөн, хөгжилтэй дүр бүтээх чадварыг дахин харуулсан бүтээл болсон юм.

Женнифер Лоуренсын амжилтын гол онцлог нь зөвхөн нэг төрлийн дүрээр алдартай болоогүйд оршино. “Winter’s Bone”-ийн хүнд драмын дүрээс “The Hunger Games”-ийн баатарлаг Катнисс, “Silver Linings Playbook”-ийн сэтгэл хөдлөл ихтэй дүр, “Mother!”-ийн сэтгэлзүйн триллерийн дүр, “No Hard Feelings”-ийн инээдмийн дүр хүртэл тэрбээр өөр өөр жанрын бүтээлүүдэд өөрийгөө сорьсоор ирсэн.
Өнөөдөр Женнифер Лоуренсийг Холливуудын нэгэн үеийн хамгийн амжилттай жүжигчдийн нэг гэж үздэг бөгөөд “Оскар”-ын шагнал, олон улсын киноны асар их амжилт, продюсерын ажил болон нийгмийн идэвхээрээ өөрийн гэсэн байр суурийг бий болгосон жүжигчин юм.

