Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Холливууд инээмсэглэл” Камерон Диаз 54 нас хүрлээ
Кино

“Холливууд инээмсэглэл” Камерон Диаз 54 нас хүрлээ

Урлаг Урлаг30/08/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэг бөгөөд инээдмийн кино, романтик бүтээл, адал явдалт болон драмын дүрүүдээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч Камерон Мишель Диаз өнөөдөр 54 нас хүрч байна.

Тэрбээр 1990-ээд оны дунд үеэс кино урлагт хүчтэй гарч ирж, “The Mask”, “There’s Something About Mary”, “Charlie’s Angels”, “Shrek”, “The Holiday” зэрэг олон алдартай бүтээлээрээ нэрээ дэлхийн хэмжээнд таниулсан билээ.

Камерон Диаз 1972 оны наймдугаар сарын 30-нд АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотод төржээ. Тэрбээр ахлах сургуульд байхдаа буюу 16 наснаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд удалгүй олон улсын загварын салбарт ажиллах болсон байна. Диаз Япон, Австрали, Марокко, Франц зэрэг оронд ажиллаж, “Mademoiselle”, “Seventeen” зэрэг сэтгүүлд зураг авхуулж, “Calvin Klein”, “Coca-Cola”, “Levi’s” зэрэг томоохон брэндийн сурталчилгаанд оролцож байжээ.

Гэвч загварын карьер нь түүнийг кино урлагт хөтөлнө гэж тухайн үедээ төсөөлөөгүй байв. 1994 онд тэрбээр анхны кино дүрээ авсан нь Холливудын супер од болох замынх нь эхлэл болсон юм.

1994 онд 21 настай Камерон Диаз Жим Керритэй хамт “The Mask” кинонд тоглож, кино урлагийн анхны дүрээрээ л олны анхаарлыг татав. Тэрбээр кинонд жазз дуучин Тина Карлайлыг бүтээсэн бөгөөд өмнө нь жүжигчний мэргэжлийн туршлагагүй байсан ч дүрийн шалгаруулалтад олон удаа оролцсоны эцэст гол эмэгтэй дүрийг авчээ.

“The Mask” асар их амжилт олсноор Диазын нэр богино хугацаанд дэлхий даяар түгэв. Түүний гоо үзэсгэлэнгээс гадна инээдмийн мэдрэмж, байгалиас заяасан жүжиглэх чадвар нь үзэгчдийн анхаарлыг татсан юм.

“The Mask”-ийн дараа Диаз хэд хэдэн харьцангуй бага төсөвтэй кинонд тоглож, жүжигчний ур чадвараа хөгжүүлсэн. 1997 онд “My Best Friend’s Wedding” кинонд Жулия Робертстэй хамтран тоглосон нь түүний карьерын дараагийн том алхам болсон юм.

Харин 1998 оны “There’s Something About Mary” кино Камерон Диазыг жинхэнэ утгаар нь Холливудын А зэрэглэлийн од болгожээ. Бен Стиллер, Мэтт Диллон нарын хамт тоглосон уг кино асар их ашиг орлого олж, Диаз инээдмийн дүр бүтээх авьяасаа дахин баталсан байна.

Диаз зөвхөн инээдмийн кинонд тоглодог жүжигчин байхаас татгалзаж, өөрийн жүжиглэх хүрээг өргөжүүлсэн юм.

1999 онд тэрээр Спайк Жонзегийн “Being John Malkovich” кинонд өмнөх дүрүүдээсээ эрс ялгаатай, эгэл жирийн төрхтэй Лотти Шварцын дүрийг бүтээжээ. Мөн тэр жил Оливер Стоуны “Any Given Sunday” кинонд Аль Пачино, Деннис Куэйд нартай хамт тоглосон байна.

Эдгээр бүтээл нь Диазыг зөвхөн гоо үзэсгэлэн, инээдмийн авьяасаар нь бус, драмын жүжигчин болох чадвартайг харуулсан чухал бүтээлүүд болсон юм.

2000 онд Диаз Дрю Бэрримор, Люси Лю нарын хамт “Charlie’s Angels” кинонд тоглож, дэлхийн кино үзэгчдийн танил болсон гурвалын нэг болов. Киноны амжилтын дараа 2003 онд “Charlie’s Angels: Full Throttle” үргэлжлэлд мөн хамтран тогложээ.

Энэ хугацаанд Диаз Холливудын хамгийн өндөр эрэлттэй эмэгтэй жүжигчдийн нэг болсон бөгөөд инээдмийн киноноос гадна адал явдалт, романтик болон драмын төрөлд амжилттай ажиллаж байв.

Камерон Диазын карьерын хамгийн алдартай дүрүүдийн нэг бол “Shrek” хүүхэлдэйн киноны Гүнж Фиона юм.

2001 онд анхны “Shrek” кинонд Фиона гүнжийн дуу хоолойг хүргэсэн бөгөөд дараагийн гурван үргэлжлэлд дүрээ дахин бүтээжээ. Майк Майерс, Эдди Мёрфи нартай хамтран бүтээсэн “Shrek” цуврал нь Диазын нэрийг хүүхэд, гэр бүлийн үзэгчдийн дунд ч өргөн таниулсан юм.

2006 онд Диаз Нэнси Мейерсийн найруулсан “The Holiday” романтик инээдмийн кинонд Кейт Уинслет, Жүд Лоу, Жек Блэк нарын хамт тоглов. Тэрбээр Лос-Анжелесийн кино трейлерийн продюсер Аманда Вүүдсийн дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрийг найруулагч Нэнси Мейерс Диазад зориулан бичсэн гэдэг.

Уг кино өнөөдөр ч Зул сарын баярын үеэр үзэх дуртай романтик кинонуудын нэг хэвээр байдаг бөгөөд Диазын бүтээсэн Аманда Вүүдсийн дүр түүний хамгийн дурсамжтай дүрүүдийн нэг болжээ.

2000-аад оны сүүл, 2010-аад оны эхээр Диаз олон төрлийн кинонд тоглосон. Тэрбээр Том Крузын хамт “Knight and Day” (2010), Сет Рогентэй “The Green Hornet” (2011), Жейсон Сигелтэй “Sex Tape” (2014) зэрэг бүтээлд тоглосон байна.

2011 оны “Bad Teacher” кинонд тэрбээр уламжлалт “сайхан бүсгүй” дүрээсээ тэс өөр, ёжтой, хувиа хичээсэн багшийн дүрийг бүтээж, инээдмийн жүжигчний чадвараа дахин харуулжээ.

2014 онд “The Other Woman”, “Sex Tape” болон “Annie” зэрэг кинонд тоглосон нь тухайн үеийн түүний дэлгэцийн идэвхтэй карьерын сүүлийн үеийн бүтээлүүд болсон юм.

“Annie” киноны дараа Камерон Диаз жүжигчний ажлаасаа удаан хугацаанд завсарласан. Тэрыээр 2014 оноос хойш олон жилийн турш шинэ кинонд тоглоогүй бөгөөд энэ хугацаанд хувийн амьдралдаа илүү их анхаарал хандуулжээ.

Олон жилийн завсарлагын дараа Камерон Диаз жүжигчний ажилдаа эргэн ирэхээр болсон нь түүний шүтэн бишрэгчдэд томоохон мэдээ байлаа.

Тэрбээр Жэйми Фокстой хамт “Netflix”-ийн “Back in Action” кинонд тоглож, 2025 оны нэгдүгээр сарын 17-нд нээлтээ хийсэн уг бүтээлээр дэлгэцийн карьертаа эргэн ирсэн юм. Кинонд Диаз, Фокс нар гэр бүл зохиож, жирийн амьдралаар амьдрах болсон өмнөх тагнуулын ажилтнуудын дүрийг бүтээдэг.

Камерон Диаз бол зөвхөн Холливудын үзэсгэлэнт жүжигчин төдийгүй инээдмийн төрөлд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон, олон төрлийн дүрд амжилттай хувирч чаддаг уран бүтээлч юм. Түүний кино урлагийн замнал 30 гаруй жилийн турш үргэлжилж, завсарлага авсан ч үзэгчдийн сонирхол, хайр хүндэтгэлээ алдаагүй нь түүний од хэвээр байгааг харуулсаар байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Стинг хөгжмийн зохиолч Нино Ротагийн тухай баримтат кинонд өгүүлэгчээр оролцоно

29/08/2026
Кино Урлаг

Гон Хё Жиний тоглосон “A Bona Fide Killer” цуврал үзэгчдийг байлдан дагуулж байна

29/08/2026
Кино Урлаг

Жүжигчин Эллиотт Гулд 88 нас хүрлээ

29/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Холливууд инээмсэглэл” Камерон Диаз 54 нас хүрлээ

30/08/2026

Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээрээ тайзнаа эргэн ирлээ

30/08/2026

ФОТО: “Д.Лувсаншарав судлал” эрдэм шинжилгээний хурлыг Монголын театрын музейд зохион байгууллаа

30/08/2026

Бейонсе Колумбын газар хөдлөлтийн гамшигт өртөгсдөд нэг сая ам.доллар хандивлана

29/08/2026

Стинг хөгжмийн зохиолч Нино Ротагийн тухай баримтат кинонд өгүүлэгчээр оролцоно

29/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.