Монголын театр, кино урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, жүжигчний арга барилаараа танигдсан уран бүтээлчдийн нэг бол Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх. Тэрбээр тайз, дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ чадварлаг бүтээж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин төдийгүй Монголын театрын тайзнаа алдарт У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромеогийн дүрийг амилуулсан анхны жүжигчдийн нэгээрээ түүхэнд үлдсэн билээ. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.

О.Гэрэлсүх 1974 оны наймдугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр хүүхэд ахуйгаасаа жүжигчин болох хүсэлд хөтлөгдөж, сурагч байхдаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд С.Даваахүү багшийн удирдлага дор хичээллэж эхэлжээ.
Түүний үеийнхэн дунд хожим Монголын урлагийн салбарт нэрээ дуурсгасан олон уран бүтээлч байсан бөгөөд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар, Гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу, Гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн буюу Дооёо зэрэг уран бүтээлчид мөн тус драмын дугуйланд суралцаж байжээ.
Драмын дугуйлангаас авсан анхны мэдлэг, тайзны туршлага нь түүний цаашдын мэргэжлийн замналын суурь болсон байна. Улмаар тэрбээр Соёл урлагийн их сургуульд элсэн суралцаж, жүжигчний мэргэжил эзэмшжээ.

О.Гэрэлсүх уран бүтээлийн гараагаа маш эрт эхлүүлсэн уран бүтээлч. Тэрdээр 14 настайдаа “Амьдралын нахиа” кинонд тоглож, кино урлагийн анхны алхмаа хийсэн тухайгаа ярьсан байдаг.

Мөн мэргэжлийн уран бүтээлч болохоосоо өмнө “Монгол кино” үйлдвэр болон Үндэсний радио телевизэд ассистент найруулагчаар ажиллаж байсан нь түүний уран бүтээлийн туршлагыг баяжуулжээ.
О.Гэрэлсүхийн нэрийг Монголын театрын урлагтай холбон ярихад хамгийн түрүүнд санаанд ордог дүр бол Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромео юм.
Тэрбээр 1996 онд драмын театрын тайзнаа Ромеогийн дүрээр гарч ирсэн бөгөөд энэ дүрээрээ Монголын театрын үзэгчдийн анхаарлыг татсан юм.
Тухайн үед Жульеттагийн дүрийг жүжигчин И.Одончимэг бүтээж байсан бөгөөд О.Гэрэлсүх Ромеогийн дүрийг 150 гаруй удаа тайзнаа амилуулсан гэх мэдээлэл бий. Ийнхүү тэрбээр үзэгчдийн дунд “Монголын Ромео” хэмээн нэрлэгдэх болсон нь жүжигчний уран бүтээлийн замналын онцгой хуудас болжээ.
Ромео бол зөвхөн залуу насны романтик дүр төдий бус, жүжигчний тайзны ур чадвар, дотоод мэдрэмж, хамтрагчтайгаа ажиллах чадварыг шаардсан дүр байв. О.Гэрэлсүхийн хувьд энэ дүрээр мэргэжлийн театрын тайзнаа танигдсан нь түүний цаашдын карьерын чухал эхлэл болсон байна.

Ромеогийн дүрээрээ танигдсан ч О.Гэрэлсүх зөвхөн романтик дүрээр хязгаарлагдсангүй. Тэрбээр өөр өөр зан чанар, нас, нийгмийн байр суурьтай олон дүрийг бүтээж, жүжигчний цар хүрээгээ харуулсаар ирсэн.
Түүний тоглосон тайзны бүтээлүүдэд С.Жаргалсайханы “Хаан түүх”, У.Шекспирийн “Ромео, Жульетта”, О.Нилийн “Тамын дурлал”, Дариа Фогийн “Чөлөөт хос”, Э.Оюуны “Би эндээс явахгүй” зэрэг 20 гаруй бүтээл багтдаг. Түүнчлэн “Замын хүн” жүжгийн найруулагчаар ажиллаж байжээ.

Түүний уран бүтээлийн нэг онцлог нь эерэг, сөрөг, драмын болон инээдмийн дүрүүдийн аль алиныг өөрийнхөөрөө амилуулж чаддагт оршдог. Өөрөө ч жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ үзэгчдэд хайрлагдахын зэрэгцээ үзэн ядагдаж болдог хэмээн ярьж байсан нь мэргэжлийнхээ мөн чанарыг хэрхэн хардагийг илэрхийлнэ.

О.Гэрэлсүх театрын тайзнаас гадна Монголын кино урлагт идэвхтэй ажилласан уран бүтээлч юм. Түүний тоглосон дэлгэцийн бүтээлүүдийн дунд “Ларьдма”, “ТюТю”, “Амьдралын нахиа”, “Модон могой”, “Мамма Миа” зэрэг кино, бүтээлүүдийг нэрлэж болно.
Тэрdээр 40 гаруй дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээжээ.
“Ларьдма”, “ТюТю”, “Төлөөс” зэрэг бүтээлүүдээрээ кино үзэгчдэд илүү өргөн хүрээнд танигдсан бөгөөд “Төлөөс” кинонд эцэг хүний дүр, гэр бүлийн харилцаа зэрэг сэдвийг хөндсөн дүр бүтээж байв.
Хамгийн сүүлд тэрбээр “Боловсрол” телевизийн “Шинжээч” олон ангит киноны гол дүрээр үзэгчидтэй “уулзсан” юм.
О.Гэрэлсүх 2021 онд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан юм. Тухайн үед түүнийг соёл, урлагийн салбарт 33 жил ажилласан туршлагатай уран бүтээлч хэмээн онцолж байжээ.
Олон жилийн турш театр, киноны тайзнаа бүтээсэн дүрүүд нь түүний уран бүтээлийн замналыг улам баяжуулж, мэргэжил нэгт уран бүтээлчид, урлаг судлаачид болон үзэгчдийн үнэлгээг хүлээсэн байна.
О.Гэрэлсүхийн уран бүтээлийн замналын бас нэгэн томоохон үнэлгээ нь 2025 он байлаа.
2025 оны хоёрдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар театрын урлагт оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн түүнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээжээ.

О.Гэрэлсүхийн хувьд жүжигчин мэргэжил бол зүгээр нэг ажил биш, хүүхэд наснаас нь эхэлсэн мөрөөдөл, олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Тэрбээр драмын театрын тайзыг амьдралынхаа салшгүй нэг хэсэг хэмээн тодорхойлж байсан бөгөөд жүжигчин хүн өөрийн чаддаг болон чаддаггүй дүрээ мэддэг байх, уран бүтээлийн багтайгаа ойлголцож ажиллах нь чухал гэж үздэг.




