Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэрэндуламын Сэвжидийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд Үндэсний урлагийн их театраас Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдааныг бүжгийн найруулагч, дэглээчдийн дунд зохион байгуулах гэж байна.
Энэхүү уралдаан нь Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон үндэсний урлаг, тэн дундаа бүжгийн урлагийг дэлхий дахинд таниулах, судлан хөгжүүлэхээс гадна Улсын төв, орон нутгуудын театр, чуулгуудын уран санг шинэ бүтээлээр баяжуулах, бүжигчид, бүжиг дэглээчдийн ур чадварыг дээшлүүлэх, орчин цагийн монгол бүжгийн урлагт шинээр бүжиг дэглээчдийг төрүүлэн гаргах зорилготой.
“Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан ирэх есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох бөгөөд уралдааны шагнал гардуулах ёслол, гала тоглолт аравдугаар сарын 4-нд болох юм байна.

