Найруулагч, зохиолч Мэтт Жонсоны бүтээсэн Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна. Тодруулбал, Энтони Бурден бол зөвхөн тогооч байгаагүй, тэрбээр хоол хүнс, аялал, хүмүүсийн амьдралын тухай өөрийн өвөрмөц өнцгөөр ярьдаг зохиолч, телевизийн хөтлөгч, соёлын шүүмжлэгч байв. Харин “Tony” кинонд 1975 оны зун буюу Энтони Бурдений зөвхөн 19 настай байх үеийг сонгон үзүүлжээ.
“Tony” кинонд Энтони Бурдений дүрийг жүжигчин Доминик Сесса бүтээсэн бөгөөд кинонд түүнийг алдартай тогооч болохоос өмнөх, амьдралдаа ямар зам сонгохоо мэдэхгүй байгаа залуугаар харуулдаг.
19 настай Тони нь бардам, зөрүүд, худал хэлдэг, өөрийгөө хэт дээгүүр үнэлдэг, заримдаа бусдад тун таагүй ханддаг залуу. Гэхдээ үүний зэрэгцээ тэр ухаалаг, сониуч, зохиолч болох хүсэлтэй, алиа хошин мэдрэмжтэй нэгэн байжээ. Кино түүний эдгээр эсрэг тэсрэг чанарыг зэрэг харуулахыг зорьсон байна. Харин зарим шүүмжлэгч, үзэгчид “Энэ үнэхээр Энтони Бурдений тухай кино мөн үү” гэсэн асуулт тавьж байна.
“Tony” кино наймдугаар сарын 7-нд АНУ-ын зарим кино театруудад нээлтээ хийсэн бөгөөд наймдугаар сарын 21-нээс илүү өргөн хүрээнд гаргахаар төлөвлөжээ.

