ЭМГЭНЭЛ
ӨЛЗИЙТОГТОХЫН УРАНЧИМЭГ (1939–2026)
Улсын Драмын Эрдмийн Театрын ахмад уран бүтээлч, нүүр хувиргагч Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Өлзийтогтохын Уранчимэг 2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамтран зүтгэгчид төдийгүй Монголын театрын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ө.Уранчимэг нь Монголын театрын урлагийн тайзны арын албанд 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, тайзны хувцас, өмсгөл, нүүр хувиргалт, үс парикийн урлалаар олон арван жүжгийн дүрийг үзэгчдийн сэтгэлд мөнхлөн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уран бүтээлч байлаа.
Өлзийтогтохын Уранчимэг нь 1939 онд Ховд аймгийн Буянт суманд төржээ. 1947-1950 онд Ховд аймгийн бага сургууль, 1950-1954 онд Улаанбаатар хотын 10 жилийн 5 дугаар дунд сургуульд суралцаж, 1955-1957 онд Театр хөгжмийн дунд сургуулийн циркийн ангийг төгссөн байна. Тэрээр 1960 оноос Улсын Хөгжимт Драмын театр буюу одоогийн Улсын Драмын Эрдмийн Театрын оёдлын тасагт оёдолчноор ажлын гараагаа эхэлж, 1977 оноос нүүр будгийн тасагт нүүр хувиргагчаар ажиллан, театрын урлагт нийт 31 жил хөдөлмөр зүтгэлээ зориулж, 1991 онд гавьяаны амралтад гарчээ.
1960-1976 онд Монголын драмын театрын тайзнаа тавигдсан жүжиг, тоглолтуудын тайзны засал чимэглэл, хувцас, өмсгөл хэрэглэлийг зураачийн эскизийн дагуу урлан бүтээж, 1977 оноос нүүр хувиргагчаар ажиллахдаа олон арван жүжгийн дүрийн үс гэзэг, хөмсөг, сормуус, шанаа, шанх, сахал, парикийг түүхий эд бэлтгэхээс эхлэн гар аргаар урлан бүтээдэг мэргэжилтэн байлаа.
Ө.Уранчимэг нь жүжигчдийн үс, парикийг арьсанд цавуугаар нааж хэрэглэдэг байсан уламжлалт аргыг өөрийн санаачилгаар боловсронгуй болгож, наалтгүй парик хэрэглэх шинэ аргачлалыг 1983 онд Э.Войничийн “Овод” жүжгийн Артурын дүр, 1984 онд Д.Намдагийн “Шинэ зам” жүжгийн Дандарын дүрийн парикт туршин нэвтрүүлсэн байна. Энэхүү шинэчлэл нь жүжигчдийн арьсанд харшил, түлэгдэлт, улайлт өгөх, толгой барьж өвтгөх зэрэг хүндрэлээс сэргийлэхийн зэрэгцээ жүжгийн үзэгдэл хооронд дүр хувиргалт хийх хугацааг эрс багасгасан чухал ач холбогдолтой ажил болжээ.
Түүний ур ухаан, хөдөлмөр шингэсэн тайзны засал чимэглэл, хувцас, өмсгөлөөр Б.В.Асафьевийн “Бахчисарайн усан оргилуур”, Д.Намдагийн “Шинэ зам”, “Шарай голын гурван хаан”, У.Шекспирийн “Лир ван”, А.П.Чеховын “Интоорын цэцэрлэг”, Э.Войничийн “Овод”, Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”, Ч.Айтматовын “Эхийн дууль”, Софоклийн “Эдип хаан”, А.Островскийн “Инжгүй хүүхэн”, Д.Мягмарын “Нандин эрдэнэ” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог олон арван бүтээл тайзнаа амилсан юм.
Ө.Уранчимэг нүүр хувиргагчаар ажилласан он жилүүддээ У.Шекспирийн “Отелло”, “Гамлет”, Д.Намдагийн “Ээдрээ”, Ч.Чимидийн “Арын албаныхан”, Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл”, Б.Брехтийн “Галилейн амьдрал”, Ж.Б.Мольерийн “Тартюф”, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, “Атга нөж” зэрэг олон арван жүжгийн дүрийн нүүр хувиргалт, үс парикийг урлан бүтээж, тайзны дүрийн гадаад төрхийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнг “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван” жүжгийн Лир ван, “Гамлет” жүжгийн Клавди, “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир гүн, “Егор Булычевийнхан” жүжгийн Егор Булычев, “Арын албаныхан” жүжгийн Халзан Тавхайн дүрд; Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөрийг “Буутай хүн” жүжгийн Ленин, “Отелло” жүжгийн Отелло, “Арын албаныхан” жүжгийн Сүхбаатар, “Найрын ширээний ууц” жүжгийн Доржийн дүрд хувирган тайзнаа амилуулахад гар бие оролцсон билээ.
Мөн Ардын жүжигчин Л.Жамсранжавыг “Овод” жүжгийн Артур, “Гамлет” жүжгийн Гамлет, “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Отелло” жүжгийн Яго зэрэг олон дүрд, Ардын жүжигчин Т.Хандсүрэнг “Их авхай” жүжгийн Ло мамаа, “Ээдрээ” жүжгийн Эрдэнэ аажийн дүрд, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарамыг Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүрд хувирган тайзнаа амилуулсан нь Монголын театрын урлагийн арын албаны түүхэнд үлдэх үнэт бүтээлүүд болсон юм.
Ө.Уранчимэг зөвхөн өөрийн театрт ажиллаад зогсохгүй орон нутгийн театр, чуулгын уран бүтээлчдэд мэргэжлийн туслалцаа үзүүлж, 1985 оноос нүүр будагчдад мэргэжлийн хичээл заан, өөрийн мэдлэг, туршлагаа залуу үед өвлүүлэн үлдээжээ. Тэрээр 1978 онд ЗСБН Халимаг улсын Элиста хот, 1987 онд Автономит Буриад улсын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан Монголын соёлын өдрүүдэд оролцон ажиллаж байв.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж 1989 онд БНМАУ-ын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 1981, 1991 онд Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн хүндэт медаль, 1985 онд Соёлын яамны Хүндэт жуух, 1978 онд ЗСБН Халимаг улсын Залуучуудын холбооны баярын бичиг, 1974 онд “Алдарт эх”-ийн II одон, V, VI, VII таван жилийн гавшгайч цол тэмдгээр тус тус шагнажээ.
Өлзийтогтохын Уранчимэгийн Монголын театрын урлагийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, нөр их хөдөлмөр, ур ухаан, бүтээлч сэтгэлгээ, үе үеийн жүжигчдийн дүрийг тайзнаа мөнхлөн үлдээсэн үйл хэрэг нь Монголын театрын урлагийн түүхэнд мөнхөд дурсагдах болно. Та минь ажлын талбарт академик театрын нүүр царай, амьдралын замд халамжит хань, ачлалт ээж, тууштай, хөдөлмөр хамтран зүтгэгч байлаа. Таны хөдөлмөрч, эгэл даруу зан, халамж хайр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, үе үеийн уран бүтээлчид, анд нөхөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
2026.08.17

