Гуулин улс буюу өнөөгийн солонгосчууд Монголын эзэнт гүрэнтэй 1231-1259 оны хооронд 30 орчим жил дайтсан бөгөөд үүнийг түүхэнд Монгол-Горёогийн долоон удаагийн довтолгоо гэж тэмдэглэдэг.
Тэгвэл энэ үеийн үйл явдлыг өгүүлэх драм, романтик, түүхэн жанрын телевизийн цувралыг БНСУ-ын JTBC суваг олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна. Энэ оны сүүлээр үзэгчдэд хүрэх “The Sacred Jewel” цувралын анхны трэйлер цацагджээ.
Киноны гол үйл явдал 1258 онд буюу хоёр улсын дайны төгсгөлийн үеийг харуулдаг байна. Улс орноо монголчуудын түрэмгийллээс хамгаалахын тулд төрийн бэлгэдэл болсон Авалокитешвара буюу Жанрайсэг бурхны ариун эрдэнэ шүрийг олж авчрах тусгай багийн тухай зохиомол түүхийг өгүүлэх юм.
Тус цувралын гол дүрд Ан Бу Хюн, И Сун Мин, гүнжийн дүрд Клаудиа Ким нар тоглосон бөгөөд ирэх арванхоёрдугаар сард “Amazon Prime”-аар үзэх боломжтой юм байна.

Ташрамд дурдахад,”Avengers: Age of Ultron”, “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” зэрэг Холливүүдийн кинонд туслах дүр бүтээсэн Клаудиа Ким өмнө нь “Marco Polo” телевизийн цувралд Хутулун гүнжийн дүр бүтээсэн билээ.
Өдгөө 57 настай И Сун Миний хамгийн сүүлд тоглосон “Teach You a Lesson” цуврал үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.

