Найруулагч Сэм Мендесийн бүтээж буй “Битлз” хамтлагийн тухай дөрвөн киноны зураг авалтын үеэр хамтлагийн түүхэн дэх хамгийн алдартай дүрслэлүүдийн нэг болох “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ.
Зураг авалт Лондон дахь алдарт “Эбби Роуд” дуу бичлэгийн студийн гаднах явган хүний гарц дээр болсон байна. Тус гарц нь 1969 онд “Битлз” хамтлагийн дөрвөн гишүүн зам хөндлөн гарч буй зургийг авахуулснаас хойш дэлхий даяар танигдсан аялал жуулчлалын газар болжээ.

Кинонд Жон Ленноны дүрийг Харрис Дикинсон, Пол Маккартнигийн дүрийг Пол Мескал, Жорж Харрисоны дүрийг Жозеф Куинн, Ринго Старрын дүрийг Барри Кеоган нар бүтээж байна.
Дөрвөн жүжигчин 1969 оны алдарт зураг дээрхтэй адил дарааллаар явган хүний гарцаар алхаж, тухайн үеийн дүр төрхийг дахин бий болгожээ.
“Эбби Роуд” цомгийн эх зургийг гэрэл зурагчин Айн Макмиллан 1969 оны наймдугаар сарын 8-нд авч байв. Тэрбээр замын голд байрлуулсан шат дээрээс хамтлагийн гишүүдийг зургаан удаа зураг авсан бөгөөд тэдгээрийн нэг нь хожим хөгжмийн түүхэн дэх хамгийн танигдсан цомгийн хавтаснуудын нэг болсон юм.

