Загвар зохион бүтээгч, дуучин асан Виктория Бекхэмийн үүсгэн байгуулсан “Victoria Beckham Holdings” компани 18 жилийн түүхэндээ анх удаа ашигтай ажиллажээ.
Тус компани 2025 оны санхүүгийн тайлангаар 7.3 сая фунт стерлингийн үйл ажиллагааны ашиг олсон байна. Энэ нь өмнөх онд алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад санхүүгийн томоохон ахиц болсон юм.
Мөн компанийн нийт орлого 15 хувиар өсөж, 129.8 сая фунт стерлингт хүрчээ. Ингэснээр “Victoria Beckham Holdings”-ийн орлого тав дахь жилдээ дараалан хоёр оронтой хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Виктория Бекхэм 2008 онд өөрийн нэрийн загварын брэндийг байгуулж байсан ч компани олон жилийн турш ашигт ажиллагааны асуудалтай тулгарч байжээ. Харин сүүлийн жилүүдэд онлайн худалдааг эрчимтэй хөгжүүлэх, олон улсын зах зээл дэх борлуулалтаа нэмэгдүүлэх, зардлын удирдлагыг сайжруулах зэрэг стратеги нь үр дүнгээ өгсөн байна.
Компанийн өсөлтөд “Victoria Beckham Beauty” гоо сайхны бүтээгдэхүүний салбар ч чухал хувь нэмэр оруулжээ. 2019 онд байгуулагдсан энэхүү брэнд сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, компанийн бизнесийн хамгийн ирээдүйтэй чиглэлүүдийн нэг болсон байна.

