Америкийн жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрбээр 1980 оны есдүгээр сарын 9-нд Монтана мужийн Калиспелл хотод төржээ. Тэрбээр телевизийн өсвөр үеийн цувралаар олонд танигдсан ч хожим бие даасан, сэтгэлзүйн гүн агуулгатай кинонуудад дүр бүтээж, үеийнхээ хамгийн чадварлаг жүжигчдийн нэг болсон юм.

Уильямс есөн настайдаа гэр бүлийнхнийхээ хамт Калифорни мужийн Сан-Диего хотод нүүж очсон байна. Театрын жүжиг үзсэнийхээ дараа жүжиглэх сонирхолтой болж, орон нутгийн театрын бүтээлүүдэд тоглож эхэлжээ. Өсвөр насандаа Лос-Анжелест очиж кино, телевизийн дүрийн шалгаруулалтад оролцдог болсон бөгөөд 1993 онд телевизийн “Baywatch” цувралд тоглосноор дэлгэцийн карьераа эхлүүлсэн байна.






1994 онд “Lassie” кинонд тоглож, улмаар “Species”, “Halloween H20: 20 Years Later”, “Dick”, “Prozac Nation” зэрэг бүтээлд дүр бүтээжээ.

Мишель Уильямсын нэрийг олон нийтэд өргөн хүрээнд таниулсан бүтээл нь “Dawson’s Creek” цуврал байв. Тэрбээр 1998-2003 онд уг цувралд асуудалтай, бие даасан өсвөр насны охин Жен Линдлигийн дүрийг бүтээсэн юм. Энэхүү дүрээрээ залуу үеийн үзэгчдийн дунд танил болсон ч Уильямс телевизийн одын хэв маягт баригдахыг хүсээгүй бөгөөд илүү сорилттой киноны дүрүүдийг сонгож эхэлжээ.

2005 онд Анг Лигийн найруулсан “Brokeback Mountain” кинонд тоглосон нь Уильямсын карьерын хамгийн чухал үеүүдийн нэг болсон юм. Тэрбээр Алма Бэрс дел Марын дүрийг бүтээж, жүжигчний ур чадвараа олон улсын хэмжээнд үнэлүүлсэн байна.
Тус кинонд тоглосон бүтээлээрээ Уильямс анх удаа “Оскар”-ын шилдэг туслах эмэгтэй жүжигчин номинацид нэр дэвшжээ.
Үүний дараа тэрбээр том төсөвтэй бүтээлээс илүү дүрийн сэтгэлзүй, хүний дотоод зөрчлийг харуулсан кинонд тоглохыг түлхүү сонгосон. “Wendy and Lucy”, “Blue Valentine”, “Manchester by the Sea” зэрэг кино нь түүний жүжигчний карьерын гол бүтээлүүдэд тооцогддог.



2010 онд Райан Гослингийн хамт “Blue Valentine” кинонд тоглож, сэтгэлзүйн хувьд хүнд нөхцөлд орсон гэр бүлийн эмэгтэйн дүрийг бүтээжээ. Уг дүрээрээ “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчин номинацид нэр дэвшсэн байна.

Харин 2011 оны “My Week with Marilyn” кинонд Холливудын домогт жүжигчин Мэрилин Монрогийн дүрийг бүтээсэн нь түүнд асар их амжилт авчирсан. Тэрбээр уг дүрээрээ “Алтан бөмбөрцөг” шагналын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж, мөн “Оскар”-т нэр дэвшжээ.


Уильямс бие даасан киноноос гадна томоохон студийн бүтээлүүдэд ч амжилттай ажилласан. Тэрбээр Мартин Скорсезегийн “Shutter Island”, “Oz the Great and Powerful”, “The Greatest Showman”, “Venom”, “Venom: Let There Be Carnage” зэрэг кинонд тоглосон юм.


Тэр дундаа Хью Жэкмантай хамт тоглосон “The Greatest Showman” кино нь түүний хамгийн өндөр орлого олсон бүтээлүүдийн нэг болсон бол “Venom” цувралд тэрээр Энн Уэйингийн дүрээр илүү өргөн хүрээний үзэгчдэд хүрсэн байна.

2019 онд Уильямс телевизийн салбарт эргэн ирж, “Fosse/Verdon” мини цувралд бүжигчин, жүжигчин Гвен Вердоны дүрийг бүтээжээ. Түүний тоглолт өндөр үнэлгээ авч, “Алтан бөмбөрцөг” болон “Primetime Emmy” шагналын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн байна.
Түүний “Fosse/Verdon” дахь амжилт нь Уильямс зөвхөн киноны жүжигчин бус, телевизийн драмын бүтээлд ч өндөр түвшинд тоглож чаддагийг харуулсан юм.
2022 онд Стивен Спилбергийн хагас намтарчилсан “The Fabelmans” кинонд тоглосон нь түүний карьерын бас нэг онцлох бүтээл болсон. Уильямс уг кинонд гол дүрийн гэр бүлийн төвд орших Митци Фабелманы дүрийг бүтээж, “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчин номинацид тав дахь удаагаа нэр дэвшсэн байна.

Мишель Уильямс театрын тайзнаа ч амжилттай ажилласан. Тэрбээр Бродвейд “Cabaret” мюзиклийн 2014 оны шинэчилсэн хувилбарт Салли Боулзын дүрд тоглож, 2016 онд “Blackbird” жүжгийн шинэчилсэн найруулгад тоглосон юм. “Blackbird” жүжгийн дүрээрээ “Tony Award–ын шилдэг эмэгтэй жүжигчний номинацид нэр дэвшжээ.

Тэрбээр уран бүтээлийн замналдаа “Оскар”-ын наадамд таван удаа нэр дэвшиж, “Алтан бөмбөрцөг” шагналыг гурван удаа хүртэж, нэг удаа “Эмми”-гийн шагнал гардаад буй бөгөөд бөгөөд Холливудын нэр хүндтэй уран бүтээлчдийн нэг хэвээр байна.


