“Wicked” киноны од, “Оскар”-ын шагналд гурван удаа нэр дэвшсэн жүжигчин Синтиа Эриво өөрт нь ямар дүр тохирохыг мэддэг учраас олон уран бүтээлийн саналаас татгалздаг тухайгаа ярьжээ.
39 настай жүжигчин аравдугаар сарын 12-нд Британийн кино хүрээлэнгийн (BFI) Лондонгийн кино наадмын хүрээнд болсон “Screen Talk” ярилцлагад оролцохдоо дүр сонгох зарчмаа хуваалцсан байна.
Эриво өөрийн дотоод мэдрэмжийг “дотоод метроном” хэмээн зүйрлэж, ямар төсөл өөрт нь тохирох, аль нь тохирохгүйг мэдэрч чаддаг гэдгээ тайлбарлажээ. Тиймээс ирсэн бүх саналыг хүлээн авахын оронд өөрийнх нь уран бүтээлийн зорилго, мэдрэмжтэй нийцэж буй эсэхийг харгалзан шийдвэр гаргадаг байна.
Жүжигчин хүнд сорилттой дүрүүдээс зайлсхийдэггүй гэдгээ ч харуулсан. Тэрбээр 2026 оны хоёрдугаар сараас тавдугаар сар хүртэл Лондонгийн Вест-Эндийн театрт тавигдсан “Dracula” жүжигт ганцаараа 23 дүр бүтээжээ. Эриво Дракулагийн дүрээс гадна бусад 22 дүрийг амилуулсан нь түүний жүжигчний ур чадвар, бие бялдар болон сэтгэл зүйн тэсвэрийг сорьсон туршлага болсон байна.
Эриво одоо ч уран бүтээлийн идэвхтэй хуваарьтай ажиллаж байгаа бөгөөд түүний удахгүй үзэгчдэд хүрэх бүтээлүүдийн дунд “Children of Blood and Bone”, “Karoshi”, “Bad Fairies” зэрэг кино багтаж байна. Эдгээрийг 2027 онд нээлтээ хийхээр төлөвлөжээ.

