Попын хаан Майкл Жексоны 1993 оны “Super Bowl” тэмцээний завсарлагааны үеэр үзүүлсэн түүхэн тоглолтын тухай баримтат кино 2027 оны хоёрдугаар сард “Hulu” болон “ESPN” платформоор үзэгчдийн хүртээл болно.
“Spectacle: Michael Jackson at the Super Bowl” нэртэй уг бүтээлд дуучны алдарт тоглолтын арын бэлтгэл, тайзны найруулга, тухайн үеийн бүтээлч шийдлүүдийг дэлгэрүүлэн харуулах аж. Мөн өмнө нь олон нийтэд дэлгэгдэж байгаагүй дүрс бичлэгүүдийг багтаахаар төлөвлөжээ.
Майкл Жексон 1993 оны нэгдүгээр сарын 31-нд Калифорни мужийн Пасадена хотын “Rose Bowl” цэнгэлдэх хүрээлэнд болсон “Super Bowl XXVII” тэмцээний завсарлагааны шоугаар тайзнаа гарсан юм. Түүний үзүүлбэр нь спортын томоохон арга хэмжээний завсарлагааны шоуг дэлхийн хэмжээний хөгжмийн тоглолт болгон хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг.
Тухайн тоглолтын үеэр Жексон “Jam”, “Billie Jean”, “Black or White” зэрэг хит дуугаа толилуулж, “We Are the World”, “Heal the World” бүтээлүүдээрээ дамжуулан эв нэгдэл, энх тайвны санааг хүргэсэн билээ.
Баримтат киног “The Greatest Night in Pop” бүтээлээрээ танигдсан найруулагч Бао Нгуен найруулж байгаа бөгөөд “Skydance Sports”, “Optimum Productions” болон “NFL Films” хамтран бүтээж байна.
Уг кино нь Майкл Жексоны тайзны ур чадвар төдийгүй түүний тоглолт “Super Bowl”-ийн завсарлагааны шоуны хөгжилд хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлэх юм.

