Японы манга зураач, “Naruto” цувралыг бүтээгч Масаши Кишимото алдарт нинжа ертөнцөд өрнөх шинэ манганы төслийг танилцууллаа. “Naruto: Shadow Rising” нэртэй уг бүтээлийн анхны тизерийг 2026 оны аравдугаар сарын 10-нд АНУ-ын Нью-Йорк хотод болсон “New York Comic Con 2026” арга хэмжээний үеэр үзүүлжээ.
“Naruto: What’s Next?” нэртэй тусгай танилцуулгын төгсгөлд гарсан тизерт Навчит тосгоны зургаан Хокагэгийн чулуун хөрөг, долоо дахь Хокагэгийн хөшөөг барьж буй дүр зураг үзэгдсэн байна. Мөн Наруто Хокагэгийн малгай барьж буй, Какаши инээмсэглэж буй, Сасүкэ болон Сакурагийн дүрүүдийг харуулжээ. Тизерийн төгсгөлд Наруто, Сасүкэ хоёрын хоорондох мөргөлдөөнийг санагдуулам хэсэг гарсан нь шүтэн бишрэгчдийн сонирхлыг ихэд татаж байна.
Шинэ мангаг анхны “Naruto” цувралыг бүтээгч Масаши Кишимото өөрөө зурахаар болсон нь төслийн гол онцлог юм. Гэвч зохиолын үйл явдал, дүрүүдийн түүхэн цаг хугацаа болон анхны бүлэг хэвлэгдэх огноог хараахан албан ёсоор зарлаагүй байна.
Шинэ бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 2026 оны арванхоёрдугаар сарын 19–20-нд Японы Чиба хотод болох “Jump Festa 2027” арга хэмжээний “Naruto” тусгай тайзнаас танилцуулахаар төлөвлөжээ.
Мөн “New York Comic Con 2026” арга хэмжээний үеэр “Naruto” ертөнцийн хүрээнд “Ninkū” цувралтай хамтарсан дөрвөн ангит анимэ, дэлхий даяар гаргах картын тоглоом болон бусад шинэ төслийг зарласан байна.

