Өнөөдөр “Про” театрын залуу уран бүтээлч Э.Сүмбийн төрсөн өдөр.
Монголын залуу үеийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон Энхбаярын Сүмбэ нь тайз, дэлгэцийн урлагт зэрэг ажиллаж, жүжиглэхийн зэрэгцээ дууны найруулга, хөгжмийн зохиолчийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлж яваа уран бүтээлч юм.
2021 онд “Сити” их сургуулийг төгссөн Э.Сүмбэ уран бүтээлийн гараагаа “Alpha”, “Orfey” театрын уран бүтээлд ажиллан эхлэж, өдгөө “Про” театрын анхны уран бүтээлээс нь эхлэн ажиллаж, одоо тус театрын үндсэн уран бүтээлчдийн нэгээр ажиллаж байна.
Тус театрын тайзнаа амилуулсан бүх уран бүтээлд дууны найруулагчаар ажилласны зэрэгцээ Оросын алдарт зохиолч Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийн Кузазов, Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийн Мэрлин Мэнсоны дүрээр тайзнаа гарсан.
Дэлгэцийн уран бүтээлийн тухайд Э.Сүмбэ Монголын хөгжмийн түүхэнд нэрээ үлдээсэн “Хурд” хамтлагийн 30 жилийн ойдоо зориулсан бүтээсэн “Бүсгүй” уран сайхны кинонд тус хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Д.Төмөрцогийн дүрийг бүтээсэн юм. Мөн “Боловсрол” телевизийн “Оддын гэгээ” олон ангит киногоор үзэгчидтэй уулзаад буй.

