Холливудын жүжигчин Бен Аффлек 1998 онд “Armageddon” киноны зураг авалтын үеэр хамтран ажиллаж байсан жүжигчин Брюс Уиллисаас карьерынхаа талаар хоёр зөвлөгөө авч байснаа дурсжээ. Тэрбээр нэг зөвлөгөөг нь хэрэгжүүлэх боломжгүй байсан бол нөгөөг нь дагаагүйдээ баяртай байдаг аж.
Аффлек энэ тухай “Happy Sad Confused” подкастад оролцох үеэрээ ярьсан байна. Түүний хэлснээр, Уиллис нэг удаа дуу хоолойг нь хэт өндөр өнгөтэй гэж хэлээд, арай нам дуугаар ярихыг зөвлөжээ. Харин Аффлек өөрийнх нь төрөлхийн дуу хоолой ийм гэдгийг тайлбарлахад Уиллис “Би л чамд туслах гэж байна” хэмээн хариулсан гэнэ.
Түүнчлэн Уиллис Аффлекийг “Shakespeare in Love” кинонд тоглохгүй байхыг зөвлөж байжээ. Тэрбээр “Наадах Шекспирийн кинондоо битгий тогло. Чи тэр кинонд тоглохыг хүсэхгүй” гэж хэлсэн байна.
Гэвч Аффлек уг зөвлөгөөг дагалгүй, 1998 онд нээлтээ хийсэн “Shakespeare in Love” кинонд Нед Аллейн хэмээх дүр бүтээжээ. Тус кино 1999 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг кино” зэрэг долоон шагнал хүртсэн юм.
Аффлек Уиллисын энэ зөвлөгөөний талаар “Тэр энэ удаад буруу бодож байсан” хэмээн хошигносон ч Уиллис тухайн үед зохиолыг нь уншаагүй байсныг онцолжээ.
Жүжигчин мөн Уиллисыг “Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй хүн” хэмээн тодорхойлж, түүнд хайртайгаа илэрхийлсэн байна. Аффлекийн хэлснээр, Уиллисийн өгсөн зөвлөгөө бүр түүний сайн сайхны төлөө байсан гэдэгт эргэлздэггүй аж.

