Мөхөж буй үндэстнийг сэхээтэнгүй болсноор нь амархан таньж болно. Олон хүн өөрсдийгөө сэхээтэн гэж андуурдаг: их, дээд сургууль төгссөн ч юм уу, боломжийн амьдралтай ч юм уу, гадаад хэлээр ярьдаг, аав, өвөө нь сайд дарга байсан, хотод олон үе амьдарсан гэх зэрэг, ер нь биеийн хөдөлмөр эрхэлж гар биеэ зовоодоггүй хэн бүхэн л өөрийгөө сэхээтний тоонд бүртгэчихдэг. Гэтэл сэхээтэн гэдэг нь нийгмийн үүсэл гарал биш, удам залгадаг мэргэжил, өвлүүлдэг хэргэм биш, ард түмэн өргөмжилдөг эрхэм цол юм шүү дээ. Социализмын үед сэхээтэн гэж нийгмийн үүсэл гарлыг нь заах байдлаар энэ үгийг хавтгайруулж хэрэглэх болсон ч уг гарал нь БУСДЫН ТӨЛӨӨ СЭХЭЭРЭХ гэсэн утгатай бөгөөд чанд дөрвөн шалгуурыг давсан хүнийг хэлдэг:
- Бусдынхаа төлөө чин сэтгэлтэй (Altruist)
- Ажилдаа мэргэшсэн (Professional expertise)
- Иргэний зоригтой (Civil courage)
- Сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, араншин, танин мэдэхүй, ёс суртахууны хувьд төлөвшсөн (psychologically, emotionally, behaviorally, cognitively, morally mature)
Эдгээр шалгуурын аль нэгийг хангаагүй л бол тэр хүн сэхээтэн байж чадахгүй. Тэд ард түмнээ манлайлж, төлөвшүүлдэг учраас харийн түрэмгийлэгчид болоод дотоодын харгис дарангуйлагчид хамгийн түрүүнд тэднийг хорьж, хяддаг.
Аль ч улсад үндэсний сэхээтнийх нь тэргүүн эгнээд сэтгүүлчид нь ордог. Яагаад гэвэл мэргэжлийн хувьд сайн сэтгүүлч байхын тулд сэхээтний дөрвөн шалгуурыг эхлээд заавал давахыг энэ мэргэжил өөрөө шаарддаг учраас тэр! Гэтэл та нарын хэнийг ард түмэн чинь сэхээтэн гэж өргөмжлөхөөр байна даа? Хамгийн гол нь та нарт иргэний зориг үгүй юм даа, халаг гэж! Иргэний зоригтой байхын тулд бусдынхаа төлөө чин сэтгэлтэй, мөн ёс суртахууны хувьд заавал төлөвшсөн байх ёстой гэхээр давшгүй даваа л байх л даа. Хэрэв тийм юм бол яах гэж сэтгүүлч болсон юм гэж би та нарыг их гайхдаг юм. Дэлхийд гурван хоног тутам нэг сэтгүүлч үнэнийг олох гэж, шударга ёсыг хамгаалах гэж яваад БУСДЫН ТӨЛӨӨ амь насаа алдаж байна. Гэтэл та нар маань бүлтийчхээд ердөө хэл амнаас айгаад хөдөлдөггүй гэхээр дэндүү өрөвдмөөр санагддаг даа. Лунтангийн Болормаа гэж СЭТГҮҮЛЧ бүсгүй байсан юм. Та нар тэр хүний нэрийг бараг дуулсан байлгүй дээ. Тэрээр ГАДНЫН НӨЛӨӨТЭЙ нас барсан гэж дүгнэлт нь гарсан шүү дээ. Мэдсэн үү? Та нарын хэн нь ч түүний үхлийн учрыг олох (за тэр мөрдөж байсан хэргийг нь үргэлжлүүлэхийг дурдаад ч яах вэ) сачий чинь хүрээгүй гэхээр та нар шиг сэтгүүлчидтэй байгаад ч яах юм гэж өчүүхэн надад бодогддог юм шүү. Заримынх нь зориг ичгүүргүй луйвар, шантаж хийхэд л хүрдэг бололтой. Нөгөө хэд нь тэднийгээ ч эгнээнээсээ хөөчих, арга хэмжээ авчих зориг хүрдэггүй бололтой, халаг минь.
Зоригоо байя. Зайлуул, аймхай хүнийг зоригтой бай гээд нэмэр байх биш. Тэгвэл мэргэжлийн чадвар. Энэ гучин жилд уул уурхайн тухай бичиж нэр алдар, бас багагүй мөнгөтэй болсон өчнөөн сурвалжлагчид байх шиг байдаг. Ядаж нэг нь энэ хугацаанд энэ эсвэл аливаа өөр нэг салбарт мэдлэгээ гүнзгийрүүлж мэргэшсэнгүй. Уул уурхай чинь уул нь энэ улсыг тэжээж байгаа салбар шүү дээ. Сэдвээ мэдэхгүй, худлаа бөөн хардалт, гүтгэлэг, хуйвалдааны онолыг л дэвэргэхээс салбарт яг юу тулгараад байгааг ойлгохгүй, байнд ч үгүй, банзанд ч үгүй, нийт олныг гэгээрүүлэх биш хамт л хөвөөд байна. Жишээ нь, уул уурхайд захын агууламж гэж юу байдаг, тэрнээс болж нэг л хүдрийн биет боловч тухайн ашигт малтмалын зах зээлийн үнэлгээ бага зэрэг өөрчлөгдөхөд нөөцийн тооцоо хэрхэн өөрчлөгддөгийг ч мэдэхгүй, гартаа тооны машин барьчхаад л, нөгөө мэргэжлийн хүмүүсийг урвагч, хулгайчаар нь чичнэ, хөөрхий гэж.
За, больё. Нарийсдаггүй юм бол та нар минь эсрэгээрээ жаахан том хэмжээнд бодсон юм уу? Тунгаамал алтанд “оюуны далай зазайна” гэж байдаг. Та нарын маань оюуны далай энэ 35 жил хэрхэн яаж зазайв даа? Та нар минь ард түмнийхээ юу сэтгэж чадаагүйг тэргүүлэн бодон тунгааж, хааш нь ямар өндөрлөгт чиглүүлсээр ирэв дээ? Энэ хугацааны сонин хэвлэлийг эргүүлээд үзвээс та нарт бүтэн хагас жарны туршид ард түмнийг хөтлөөд аваад явах шинэ сэдэв төрүүлэх оюуны бяд бас хүрсэнгүй. Ярьж байгаа хүмүүсийн царай, нэр л солигдохоос сэдэв нь яг хэвээр. Үе үе нохой шаагиулдаг цуурхлуудыг би хэлээгүй, үндэстнээрээ ярьж хэлэлцдэг сэдвүүдийг хэлж байгааг эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ. Тэрний оронд хэрүүл. Улам их хэрүүл. Ард түмний оюун улам л хоосорч байна. Гэтэл та нар маань одоо ч бодож байгаа ч юм алга. Зөвхөн салбарын асуудал л гэж сэтгэж байгаа бололтой.
Та нар улс орныг хэн ч юм бүү мэд, нэг улстөрч, агуу удирдагч гарч ирээд өөрчилнө, харин та нар тэр цагт “түүхэн үйл явдлыг” сурвалжлаад л суух юм бодоод байх шиг байна, тийм үү? Үгүй дээ! Өөрчлөлт та нараас эхэлнэ. Этик байтугай этикет ч мэдэхгүй бузар, бүдүүлгүүдээсээ ялгарч тус тусдаа болох хэрэгтэй байна. Ард түмнийг талцуулж, уралцуулдаг улс төрчдөд ясыг нь сийлж өгдөг “уран бүтээлчдээсээ” салж, монгол түмэнд үнэнийг мэдэх, аз жаргалтай, амар амгалан амьдрах эрхийг нь буцааж өгмөөр байна. Мэргэжилдээ үнэнч үлдсэн сэтгүүлчид байдаг юм бол өөрсдийн шалгуурыг тавиад тэнцсэн сэтгүүлчдээ аваад тусдаа гар л даа. Хар аяндаа хэн нь ямар чадвартай сэтгүүлчтэй вэ гэдэг нь харагдаад ирнэ шүү дээ! Юун тэр элдэв төсөл, сургалт, хурал симпозиум! Гэр орон чинь шатаж байхад эхлээд галаа унтраагаад дараа нь хана туургаа будах юмаа бодох нь дарааллын хувьд зөв баймаар юм? Үндэсний Радио Телевизийг энэ бузар улстөрчдийн савраас хэзээ аврах гэж байгаа юм? Тэдний дуулгавартай гар хөл болж гүйцсэн хиа, шивэгчдээс хэзээ салах гэж байгаа юм? Яагаад уриалаад, улс төрийн акци үүсгээд, хуулийн төсөл санаачилж болохгүй юм? Санаачилгыг та нар л гаргахгүй бол өөр хэн ч хөдлөхгүй. Санаачлах юм бол дэмжээд, хүчээ өгөх хүмүүс зөндөө гарна шүү дээ! Яагаад дандаа мөнгөгүй, чадалгүй, хүнгүй гээд зовлон тоочиж байдаг юм? Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ!

