“Хүн аалз” (“Spider-Man”) киноны дүрээр дэлхий даяар танигдсан жүжигчин Том Холланд “Sony Pictures” студийн шинээр хөгжүүлж буй “Penthouse” нэртэй триллер кинонд гол дүр бүтээж, мөн продюсероор ажиллахаар болжээ. Энэ тухай “Deadline” болон кино урлагийн салбарын хэвлэлүүд аравдугаар сарын 19-нд мэдээлсэн байна.
Тус киноны санааг “Iron Man 3” киноны зохиолч гэдгээрээ танигдсан Дрю Пирс гаргасан бөгөөд зохиолыг нь өөрөө бичих аж. Харин төслийн үйл явдал, Холландын бүтээх дүр болон бусад жүжигчдийн талаарх мэдээллийг одоогоор нууцалж байна.
Киноны продюсерын ажлыг Холландын “Billy17” продакшн болон Пирсийн “Point of No Return” компани хамтран хариуцна. Холланд ах Харри Холланд болон продюсер Уилл Саутын хамт “Billy17” компанийн нэрийн өмнөөс ажиллах бол Дрю Пирс мөн продюсероор оролцож, Иан Фишер гүйцэтгэх продюсероор ажиллах юм.
Дрю Пирс өмнө нь “Iron Man 3”, “Mission: Impossible – Rogue Nation”, “Fast & Furious Presents: Hobbs & Shaw”, “The Fall Guy” зэрэг киноны зохиол дээр ажиллаж байжээ. Тэрбээр мөн “Hotel Artemis” киног найруулсан туршлагатай уран бүтээлч юм.
“Penthouse” нь Холланд болон “Sony Pictures” студийн хамтын ажиллагааны дараагийн төсөл болж байна. Жүжигчин тус студийн бүтээж буй Фред Астерийн намтарчилсан кинонд мөн гол дүр бүтээж, продюсероор ажиллахаар төлөвлөжээ.
Одоогоор “Penthouse” киноны зураг авалт эхлэх хугацаа, нээлтийн өдөр болон жүжигчдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлаагүй байна.

