Монгол арт галерей БНСУ-ын дүрслэх урлагийн салбарын томоохон үзэсгэлэнгийн нэг “ART GWANGJU-26” олон улсын арт фэйрт албан ёсоор оролцох гэж байна.
БНСУ-ын Кванджу хотын “Ким Дэ Жун” конвеншн центрт энэ сарын 22-25-нд болох тус үзэсгэлэнд Монгол арт галерейн захирал П.Батжавын ахалсан баг бүрэлдэхүүн оролцох юм. Уран бүтээлч З.Отгонзоригт, Б.Бямбажав, Б.Есөн-Эрдэнэ, П.Бэрхээдэй, Б.Энхмандах, Д.Батнасан, М.Батбаатар, А.Саран нар орчин үеийн уран зураг, уламжлалт арга барил болон арьсан урлагийн шилдэг бүтээлүүдийг олон улсын үзэгчдэд толилуулах юм.
Үзэсгэлэнгийн дараа уран бүтээлчид Сөүл хотын галерей, урлагийн дүүргүүдээр аялж, БНСУ-ын уран бүтээлчид болон кураторуудтай туршлага судлах, соёлын солилцооны уулзалт хийх юм.
Монгол арт галерей 2023 оноос хойш энэхүү үйл ажиллагаанд оролцож Монголын орчин үеийн дүрслэх урлагийг дэлхийн тавцанд сурталчлан таниулж байна.

