Италийн алдарт зураач Бернардо Беллоттогийн урьд өмнө урлагийн судлаачид болон олон нийтэд танилцуулагдаагүй уран зургийг Австрийн Вена хотод дуудлагаар худалдаалахаар болжээ. XVIII зууны үеийн энэхүү бүтээл нь Австрийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад саяхан ил болсон байна.
“Венийн Карлскирхе сүм” нэртэй уг тосон зураг нь 48.8 × 79.5 сантиметр хэмжээтэй бөгөөд зураачийн бүтээлийн өв санг баяжуулах чухал олдвор хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Уг бүтээлийг Беллоттогийнх мөн болохыг урлаг судлаач Божена Анна Ковальчик эх зургийг нь үзэж шалгасны дараа баталгаажуулжээ.
Беллотто (1722–1780) нь Венецийн хотын дүр зураг, архитектурын барилгуудыг нарийн бодит дүрслэлээр буулгадгаараа алдартай зураач юм. Тэрбээр алдарт зураач Каналеттогийн ач хүү бөгөөд Европын томоохон хотуудын өнгө төрхийг уран зурагт мөнхөлсөн нэгэн. Беллотто 1758 онд Вена хотод ирж, хатан хаан Мария Терезия болон түүний нөхөр Франц I Стефаны захиалгаар хотын дүр төрхийг харуулсан бүтээлүүд туурвиж байжээ.
Зургийн төвд Венийн барокко архитектурын томоохон дурсгалуудын нэг болох Карлскирхе сүм дүрслэгдсэн байна. Зураач урд хэсгийн бараан сүүдэр болон нарны гэрэлд тодрон харагдах сүрлэг сүмийн хоорондын ялгарлыг ашиглан архитектурын сүр хүчийг тодотгожээ. Мөн тухайн үеийн хотын дүр төрхийг газарзүйн нарийвчлал, уран сайхны шийдэлтэй хослуулан харуулсан байна.
Уг бүтээлийг Вена хотын “Dorotheum” дуудлага худалдааны ордонд өнөөдөр /2026.10.21/ болох хуучны мастеруудын бүтээлийн дуудлага худалдаагаар санал болгохоор зарлажээ. Урьдчилсан үнэлгээ нь 400,000–600,000 евро буюу хагас сая еврод хүрэх боломжтой байна.
Урлагийн зах зээлд урьд өмнө нийтэд танигдаагүй, нэр хүндтэй зураачийн бүтээл илрэх нь цуглуулагчид болон урлаг судлаачдын анхаарлыг татдаг. Беллоттогийн энэхүү зураг нь XVIII зууны Венийн архитектур, хотын түүхэн төрхийг судлахад чухал нэмэр болохоос гадна дуудлага худалдааны онцлох бүтээлүүдийн нэг болж байна.

