“Жеймс Бонд” киноны дараагийн гол дүрийг бүтээх жүжигчнийг 2026 оны эцэс гэхэд албан ёсоор зарлаж магадгүй байна. Гэхдээ одоогоор дүрийн эзнийг баталгаажуулсан албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа юм.
Тус франчайзын продюсер Эми Паскал “Deadline” хэвлэлд ярилцлага өгөхдөө шинэ 007 агентын дүрд тоглох жүжигчний нэрийг оны эцэс гэхэд зарлах боломжтойг дурджээ. Тэрбээр “Оны эцэс гэхэд тодрох магадлалтай гэж бодож байна” хэмээн хэлсэн байна. Гэхдээ энэ нь баталгаатай тов биш бөгөөд сонгон шалгаруулалтын явцад тодорхой мэдээлэл өгөхөөс продюсерууд болгоомжилж байгаа аж.
“The Guardian” болон бусад хэвлэлүүдийн мэдээлснээр, дараагийн Жеймс Бондын дүрийн сонгон шалгаруулалт эцсийн шатандаа орж, нэр дэвшигч жүжигчид Лондонд дэлгэцийн сорил өгч байгаа гэх мэдээлэл гарчээ. Боломжит нэр дэвшигчдийн дунд “Fantastic Beasts” киногоор танигдсан Каллум Тёрнер, “Slow Horses” цувралын жүжигчин Жек Лоуден, “The Crown” цувралд тоглосон Жош О’Коннор нарын нэр дурдагдаж байна. Гэвч эдгээр мэдээллийг “Amazon MGM Studios” албан ёсоор батлаагүй юм.
Даниел Крэйг 2021 онд нээлтээ хийсэн “No Time to Die” киногоор Жеймс Бондын дүрээ өндөрлүүлснээс хойш дараагийн жүжигчнийг хэн болох тухай таамаг олон нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Шинэ киног “Dune” франчайзаар танигдсан найруулагч Дени Вильнёв найруулах бол “Peaky Blinders” цувралын зохиолч Стивен Найт киноны зохиолыг бичиж байна.
Продюсер Эми Паскалын хэлснээр, шинэ Бонд өмнөх дүрийн үргэлжлэл төдий бус, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байх ёстой. Даниел Крэйгийн бүтээсэн дүрийг орлох жүжигчнийг сонгохдоо баг маш няхуур хандаж байгаа аж.
Одоогоор дараагийн “Жеймс Бонд” киноны албан ёсны нэр, нээлтийн өдөр болон гол дүрийн жүжигчин тодорхойгүй байна. Харин кино 2027 онд зураг авалтаа эхлүүлж, 2028 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа тухай мэдээллүүд гарчээ.

