Монгол Улсын Гавьяат багш, Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор, Монголын уртын дууны нэрт дуучин, сурган хүмүүжүүлэгч Цэвээндоржийн Дэлгэрийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан цогц арга хэмжээний хүрээнд “Ц.Дэлгэр дуулах өв эрдэм” номын нээлт, “Ц.Дэлгэр – 70 жил” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Ц.Дэлгэр багшийн гэр бүл, төрөл төрөгсөд, үе үеийн шавь нар, хамтран зүтгэгчид, эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, урлаг соёлын зүтгэлтнүүд, уран бүтээлчид өргөнөөр оролцож, багшийн амьдрал, уран бүтээл, сурган хүмүүжүүлэх үйлс, судалгааны өвийг эргэн дурсаж, үнэлэн хэлэлцсэн нь арга хэмжээний онцгой ач холбогдол байлаа.
Багш хүний хамгийн том бахархал нь эрдэм мэдлэг, ур чадварыг нь өвлөн авч, үйл хэргийг нь үргэлжлүүлэх сайн шавь нар байдаг. Харин багшийн хөдөлмөрийн үнэ цэнэ нь шавь нарынх нь амжилт, бүтээл, нийгэм, соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрээр хэмжигддэг билээ. Ц.Дэлгэр багшийн олон жилийн хөдөлмөр, уран бүтээл, сурган хүмүүжүүлэх үйлс, түүний шавь нарын амжилт, бүтээсэн өв нь энэхүү үнэ цэнийг тод илэрхийлж юм.
Эрдэм шинжилгээний хурлаар Ц.Дэлгэр багшийн амьдрал, уран бүтээл, дуулах арга барил, сургалт, судалгааны үйл ажиллагаа болон Монголын уртын дууны хөгжилд оруулсан хувь нэмрийг олон талаас нь авч үзсэн судлаачдын илтгэлүүд хэлэлцэв.
Тус эрдэм шинжилгээний хурал нь нэгэн эрхэм багшийн 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ Монголын уртын дууны өв, уламжлал, мэргэжлийн сургалтын хөгжил, багш шавийн залгамж холбоог эрдэм шинжилгээний үүднээс үнэлэн дүгнэж, цаашдын судалгаа, хамгаалалт, хөгжлийн чиглэлийг тодорхойлсон ач холбогдолтой үйл явдал боллоо.

