Найруулагч, жүжигчин, кино зохиолч Чарльз Спенсер Чаплин 1889 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд мэндэлжээ.
Чарли Чаплин бол кино урлагийн түүхэнд төрөн гарсан хамгийн чадварлаг уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор тооцогддог эрхэм билээ. Живэр сахал, бүрх малгай, хар хослолтой төрхөөрөө дэлхийн нийтийн танил болсон тэрбээр Английн Лондон хотын ядуусын дүүрэгт Чарльз Чаплин Сениор болон Ханна Хилл Чаплин нарын хүү болон мэндэлжээ.
Бага нас
Түүний эцэг Чарльз Чаплин Сениор Лондон хотод чамгүй алдартай дуучин байсан ч архинд орж, амьдралаа алдаж, хожим гэрлэлтээ цуцлууж байв. Ийнхүү эцэг, эх нь салсны дараа Чарли Чаплин өөрийн дүүгийн хамтаар асрамжийн газарт хүргэгдэж байсан удаатай.
Туслах жүжигчин
Ийнхүү амьдралын хүнд хэцүүг балчир наснаасаа туулсан Чарли хүү уншиж, бичих чадвар дутмаг байснаас үүдэн сургууль завсардаж, 14 наснаасаа театрт туслах жүжигчин хийж амьдралаа залгуулж эхэлжээ.
Шууданч хүү
“Шерлок Холмес” жүжгийн шууданч хүү Биллигийн дүрээрээ танигдсан Чарли Чаплин хийл хөгжимд шамдан суралцахын зэрэгцээ театрын урлагийн талаар мэргэжлийн заавар, зөвлөгөөг найз нөхдөөсөө харамгүй авдаг байсан гэдэг.
Кино студи байгуулсан нь
1908 онд Чарли Чаплин инээдмийн жүжигчин, алиалагч хийх болсон нь амжилтад хүрч, ердөө 19 насандаа Их Британи даяар алдаршиж чаджээ. Хожим 1923 онд Чарли Чаплин Мери Пикфорд, Дуглас Фейрбанкс, Девид Гриффит нарын хамтаар “United Artists” студийг байгуулж өндөр чанартай хальсаар кино уран бүтээл туурвих эхлэлээ тавьжээ. Кино студи байгуулсан Чарли Чаплин тухайн жилдээ “A Woman of Paris” нэртэй киноны зохиолыг бичиж, үзэгчдийн хүртээл болгожээ.
Шилдэг уран бүтээл
Түүнчлэн 1925 онд “The Gold Rush”, 1928 онд “The Circus”, 1931 онд “City Lights”, 1936 онд “Modern Times”, 1940 онд “The Great Dictator” тэргүүтэй олон арван кино бүтээжээ. Кино шүүмжлэгчдийн зүгээс түүний туурвисан хамгийн шилдэг уран бүтээлээр 1931 онд үзэгчдийн хүртээл болсон “City Lights” киног нэрлэсэн нь бий.
Найруулагчийн гараа
1930-1940 оны үед тэрбээр кино зохиол бичихээ больж, найруулагчийн ажилд түлхүү татагдан оржээ. 1950-иад оны эхэн үеэр Чарли Чаплин уран бүтээлдээ улс төр, нийгэм, шашны үзэл суртлын асуудлыг хөндөх болсон нь америкчуудын дургүйцлийн хүргэх болжээ. Ийнхүү шүүжлэлд өртөж эхлээд байсан Чарли Чаплин бизнесийн орлогоо нэмэгдүүлэх үүднээс ажилтнуудаа олноор халж буй эрхмийн талаар кино бүтээсэн нь байдлыг улам бүр хурцатгаж байв.
Үзэл бодлын зөрчил
Улмаар АНУ-ын төлөөлөгчдийн тэнхим эх орныг нь гутаан доромжилсон хэмээн Чарли Чаплиныг нээлттэй сонсголд дуудсан ч тэрбээр Трампын дүрээрээ оролцоно гэж мэдэгдсэн тул уг үйл ажиллагааг цуцалж байжээ. Үүгээр ч зогсохгүй түүнийг капитализмыг эсэргүүцэгч, коммунист үзэлтэн хэмээн нийгэм даяар буруушааж, “Чаплин бол социалист үзэлтэн”, “Чаплиныг ЗХУ руу илгээ” гэх сүржин гарчигтай нийтлэлүүд цуварч байсан түүхтэй.
Женев хотод суурьшжээ
Түүнчлэн Жоан Берри гэгч бүсгүй Чаплины хүүхдийг төрүүлсэн хэмээн алдарт жүжигчнийг шүүхэд өгсөн агаад цусны шинжилгээгээр Чарли Чаплины хүүхэд биш гэдэг нь ил болсон ч тус хэрэгт холбогдох шүүх хоёр жилийн турш үргэлжилсэн гэдэг. Ийнхүү АНУ-д социалист дэглэмийг баримтлагч гэх нэр зүүсэн Чарли Чаплин Европ тивд эргэн ирж, Женев хотод дөрөв дэх эхнэр Юүжин Онил болон хүүхдүүдийн хамтаар суурьшжээ.
Хорин жилийн дараа АНУ-д эргэн иржээ
Хожим 1970-аад оны үеэс эхлэн Чарли Чаплины урлагт оруулсан үнэ цэнийг америкчууд хүлээн зөвшөөрч эхэлжээ. Ийнхүү бараг хорин жилийн дараа 1972 онд тэрээр АНУ-д эргэн ирж Академийн шагнал хүртэж, 1975 онд Хоёрдугаар Элизабет хатан хаанаас Сэр хэмээх эрхэм цол хүртжээ.
1977 онд таалал төгсөв
Алдарт жүжигчний амьдралын сүүлийн он жилүүд ийнхүү баяр баясал дүүрэн өнгөрсөн бөгөөд 1977 онд 88 насандаа тэрээр Швейцарийн Женев хот дахь гэртээ зуурдаар нас нөгчсөн байна.
Оршуулгын ёслолын дараа Чарли Чаплины цогцсыг гэмт этгээдүүд хулгайлж, гэр бүлээс нь 400,000 ам.доллар шаардаж байсан ч төд удалгүй хэрэгтнүүд баривчлагдаж, шарилыг Меруц дахь Корси-Сур-Вивей дэх оршуулгын газарт нутаглуулсан гэдэг.