Америкийн “Time” сэтгүүл 2025 оны дэлхийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг лхагва гараг /2025.04.16/-т танилцууллаа.
Америкт төдийгүй дэлхийн хэмжээнд нөлөөлөгч улс төр, бизнес, технологи, урлаг соёл, спорт гээд салбартаа тэргүүлэгч 100 эрхмийн жагсаалтыг танилцуулсан “Time” сэтгүүлийн шинэ дугаар таван өөр нүүртэйгээр дэлхийн өнцөг булан бүрт хэвлэгдэн гараад байна.
“Time” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг 100 нөлөө бүхийн хүний жагсаалтад багтсан жүжигчин Деми Мур, реппер Snoop Dogg, теннисчин Серена Уилльямс, дуучин Эд Шийран, “Google Deepmind” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Демис Хассабис нар чимсэн байна.
2025 оны дэлхийн нөлөө бүхий 100 хүний жагсаалт нь өнөөгийн дэлхий ертөнцийг бүтээлцэж, мөн ирээдүйг тодорхойлж буй эрхмүүдийг алдаршуулж байна хэмээн “Time” сэтгүүлийн гүйцэтгэх захирал Жессика Сибли шинэ дугаарын талаар хэлжээ.
“Time” сэтгүүлээс 22 дахь жилдээ тодруулж буй нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад жүжигчин Скарлетт Йоханссон, Кристен Белл, Рашида Жонес, Блейк Лайвли, Деми Мур, комедиан Никки Глейзер, тамирчин Симона Байлс, Серена Уилльям, дуучин Николь Шерзингер зэрэг эмэгтэйчүүд, улс төрийн салбараас АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум, ДЭМБ-ын тэргүүн Тэдрос Адханом Гебрейсус, Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей, Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, Өмнөд Солонгосын Ардчилсан намын дарга И Жэ Мюн, Хиллари Клинтон, Сирийн шилжилтийн засгийн газрын ерөнхийлөгч Ахмед аль-Шараа зэрэг удирдагчид, урлаг соёлын салбараас реппер Snoop Dogg, дуучин Эд Шийран, Хозиер, Ёшики, Rosé, Алишиа Кейс, жүжигчин Эдриен Броди, Кристен Виг, Диего Луна, Хироюуки Санада, Даниэл Дэ Ким, Идрис Элба, Эштон Кутчер, найруулагч Жон М.Чу, продюсер Лорн Майклс зэрэг уран бүтээлчид, хувцас загвар, дүрслэх урлаг болон утга зохиолын салбараас загвар зохион бүтээгч Миучча Прада, Стелла Маккартни, Вилли Чаварриа, зураач Ёшитомо Нара, Микалене Томас, архитектор Аннабель Селльдорф, Ма Янсон, зохиолч Персивал Эверетт, Эми Гриффин, кино зохиолч Миранда Жулай, жүжгийн зохиолч Бранден Жэйкобс-Женкинс, ахлах тогооч Чутатип “Нок” Сунтаранон, подкастын хөтлөгч Жо Роган, телевизийн мэдээний хөтлөгч Дэвид Муир, сэтгүүлч Мэгин Келли зэрэг уран бүтээлчид, бизнес, технологи, инновацийн салбараас Марк Цукерберг, Элон Маск, Билл Гэйтс, Тед Сарандос, Ларри Финк, Алекс Карп, Эндрю Форрест, Лика Сьюy, Бобби Браун, Бонни И Чан, Лян Веньфен, Дарио Амодей, Тим Кадоган, Мо Абуду, Решма Кевалрамани зэрэг энтрепренерүүд тус тус багтсан байна.
Энэ жилийн жагсаалтанд багтсан 22 настай усанд сэлэлтийн тамирчин, Олимпын аварга Леон Маршан хамгийн залуу нөлөөлөгчөөр тодорсон бол өдгөө 88 настай Бангладеш улсын ахлах зөвлөх Мухаммад Юнус хамгийн хөгшин нөлөөлөгчөөр нэрлэгджээ.
Мөн долоо дахь удаагаа жагсаалтад багтсан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тус жагсаалтад хамгийн олон удаа багтсан хүнээр тодорчээ.
“Time” сэтгүүлийн зүгээс энэ жилийн жагсаалтад багтсан хүмүүсийн чуулганы арга хэмжээг энэ сарын 23-нд, гала үдэшлэгийн арга хэмжээг энэ сарын 24-нд Нью-Йорк хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Дээрх арга хэмжээнүүдийг ирэх тавдугаар сарын 4-ний өдөр Америкийн ABC телевизээр цацах юм байна.