УДБЭТ-ын уран бүтээлчид энэ тавдугаар сарын 17,18-нд 17:00 цагаас “Ламбугайн нулимс” дуурийг толилуулах гэж байна.
“Ламбугайн нулимс” дуурь нь их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгээр, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн цомнолоор бүтээгдсэн Төрийн шагналт Халтарын Билэгжаргалын дуурь билээ.
Тус дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан тавьж, анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглосон бөгөөд Монгол улсын Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх удирдан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Төмөрхуягийн тайзаар амилсан байна.
XIX зууны Монголын бодит амьдралаас сэдэвлэн зохиогдсон энэхүү дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд театрын тайзнаа тоглогдож буй үндэсний шилдэг дууриудын нэг юм.
Энэ удаа гурван бүлэг, зургаан үзэгдэлт “Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир анх удаа удирдахаар болжээ.