Дөнгөж харахад инээдтэй хэрнээ үл мэдэгдэх зүйлээс санаа авсан мэт дүртэй, хурц шүдтэй, үсэрхэг тоглоомыг Лабубу гэдэг. Энэхүү тоглоом алдарт Madonna-гаас эхлээд “BlackPink”-ийн Rosé хүртэл фэнүүдтэй болж дэлхийн залуусын дунд аль хэдийн соёл, загварын шинэ шүтээн болон гарч иржээ. “Pop Mart” компанийн үйлдвэрлэсэн энэ цуврал тоглоом нь худалдаанд гармагцаа хэдхэн секундийн дотор зарагдаж дуусч, ховор хувилбарууд нь дахин худалдаанд хэдэн зуун ам.долларын үнэ хүрч байна.
Анх Хонконгт уран бүтээлээ эхлүүлсэн зураач Касинг Лунгийн бүтээл болох Лабубу нь Скандинавын ардын үлгэрт суурилсан “The Monsters” цувралын нэг хэсэг юм. Уг тоглоом нь хэрэглэгчдэд хайрцаг дотроо яг ямар дүр ирэх нь мэдэгдэхгүй “blind box” буюу сюрприз хэлбэрээр худалдаалагддаг. Үүний улмаас ховор хувилбаруудыг олох гэсэн эрэл илүү эрчимтэй болж, цуглуулагчдыг сүлжээ дэлгүүрийн гадаа хэдэн цагаар дугаарлахад хүртэл хүргэж байгаа ажээ.
2024 онд “Pop Mart”-ын “The Monsters” цуврал тоглоомууд 419 сая ам.долларын борлуулалт авчирч өмнөх жилээс даруй 726.6 хувиар өссөн нь компанийн хувьд дээд амжилт боллоо. Лабубугийн хамгийн сүүлийн шинэчлэл бүхий цуврал өнгөрсөн баасан гарагт худалдаанд гарсан даруйдаа дууссан бөгөөд анхны үнэ нь 27.99 ам.доллар байв. Харин дахин худалдаалагдаж буй үнэ 60 ам.доллароос давж, зарим ховор хувилбарууд нь хэдэн зуун ам.долларт хүрч байна.