Дэлхийн супер поп од Тейлор Свифт хоёр жил үерхсэн найз залуу болох америк хөлбөмбөгийн аварга Канзас Сити Чефс багийн довтлогч Травис Келситэй сүй тавьсан гэдгээ зарлалаа. Тэднийг сүй тавьсан тухай мэдээлэл цацагдсаны дараа дэлхийн нийтээрээ баяр хүргэж, цахим ертөнцийг доргиож байна.
Ойрын эх сурвалжуудын мэдээлснээр дэлхийн хамгийн алдартай хосуудын нэг Тейлор, Травис нар хоёр долоо хоногийн өмнө гэр бүлийнхэнтэйгээ оройн зоог барих үед сүй тавьжээ. Тейлор Свифт “The Life of Showgirl” нэртэй шинэ цомгоо удахгүй шүтэн бишрэгчдэдээ хүргэх цаг хугацаа тэдний сүй тавьсан үйл явдалтай давхцаж байна.
Хос өөрсдийн Инстаграм хуудсандаа тусгайлан зассан цэцгэн дунд авахуулсан таван ширхэг зургийг нийтэлжээ. Ингэхдээ “Та нарын англи хэлний багш биеийн тамирын багштай чинь гэрлэхээр боллоо” гэж гарчиглан, салютны зурагтай пост оруулсан байна. Энэ постонд одоогоор 20 сая гаруй хүн зүрх дарж, 3 сая орчим сэтгэгдэл үлдээжээ.
Тэдний сүйн зургаа авахуулсан цэцгэн чимэглэлийг Кардашианыхан, Опра Уйнфригийн чимэглэлийг хийдэг Холливудын хамгийн алдартай цэцэгчин урласан байна. Тэдний шүтэн бишрэгчдээс авахуулаад ойр дотныхон нь, олны танил эрхмүүд баяр хүргэсээр байна. Тэдний дунд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп багтжээ. Трамп тэдэнд аз хүсэж, Травис бол мундаг эр, харин Тейлор сүрхий эмэгтэй юм гэж өөрийн Truth цахим сүлжээндээ бичсэн байна. Тейлор Свифт өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Трампын эсрэг намын нэр дэвшигч Камала Харрисыг дэмжихээ илэрхийлж байсан юм.
Дэлхийн алдартай хос сүй тавьсныг тэмдэглэж Google цахим хуудсанд тэдний нэрсийг хайсан илэрцэд салют буудуулж баяр хүргэж байна. Тэд саяхан Травис Келсигийн ахтайгаа хамт хийдэг New Heights подкастад хамтдаа ярилцсан. Энэ үеэр Тейлорын 12 дахь цомгийн нээлтийн талаар ярьсан байна. Подкастын энэ дугаарыг YouTube сувгаар Тейлор, Травис хоёрын 1,3 сая шүтэн бишрэгч шууд үзсэнээр Геннисийн амжилт тогтоожээ. Өчигдрийн байлдаар уг подкастыг 21 сая хүн үзсэн байна. Тейлорын сүй тавьсан мэдээлэл цомгийн нээлттэй давхацсан учраас тэрээр эхлээд цомгийнхоо мэдээллийг өгч, дараа нь сүй тавьснаа зарласан нь дээр гэж үзсэн учраас сүй тавьснаа зарлах өдрөө хоёр долоо хоног хойшлуулсан байх гэж энтертайнмент сувгууд дамжуулж байна.

Тейлор өнгөрсөн жил дэлхийн чинээлэг тэрбумтнуудын эгнээнд албан ёсоор багтсан билээ. Тейлор Свифтийг тэрбумтнуудын жагсаалтад багтахад түүний хоёр жилийн өмнө эхлүүлсэн Eras аялан тоглолт ихээхэн хувь нэмрээ оруулсан гэж эдийн засгийн шинжээчид тооцоолдог. Энэ аялан тоглолт Тейлорт зөвхөн эдийн засгийн ашиг өгөөд зогсохгүй амжилттай хосын харилцааг ч мөн бэлэглэжээ. Өөрөөр хэлбэл Травис 2023 оны долоодугаар сард Тейлор Свифтийг Eras аялан тоглолтоороо Канзаст ирэхэд түүнд дугаараа өгөхийг оролдсон байна. Гэвч бүтэлгүйтсэн тухайгаа New Heights подкастаараа ярьж байжээ. Удалгүй буюу хоёр сарын дараа тэд болзож эхлэн, есдүгээр сараас хосын харилцаа нь илүү гүнзгийрсэн. Свифт Келсигийн тэмцээнийг үзэхээр Arrowhead цэнгэлдэх хүрээлэнд ирсэн байна. Өнгөрсөн жил Келси Канзас Сити Чефс багтай Super Bowl-ын гурав дахь ялалтаа авсныхаа дараа Свифтийг үнссэн нь тэдний шүтэн бишрэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн юм. Свифт энэ хугацаанд Келсид зориулж хоёр ч дуу зохиожээ.
Алдартай хосууд сүй тавихад тэдний санал тавьсан сүйн бөгж шүтэн бишрэгчдийнх нь хувьд алдаж болохгүй сэдэв байдаг. Америкийн энтертайнмент хэвлэлүүдэд бичсэнээр Келсигийн гэрлэх санал тавьсан сүйн бөгжийг ойролцоогоор 550 000 ам.долларын үнэтэй гэж тооцоолжээ. Сүйн бөгжийн суурийг 18 каратын алтаар урлаж, дээр нь алтан алмазыг шигтгэсэн байна. Британийн Викториа хатны үеийн хэв маяг бүхий уг бөгжний загварыг Нью-Йоркийн үнэт эдлэлийн загвар зохиогч Киндред Любек гаргажээ.