“Оскар”, БАФТА-гийн шагналт, Италийн кино, театрын найруулагч, жүжигчин, зохиолч Роберто Ремигио Бенини 1952 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 27-нд мэндэлжээ.
Тэрбээр Америкийн нэрт найруулагч Жим Жармушийн арт хаус сор бүтээлүүд болох “Хуулиас гадуур” (1986), “Хорвоогийн түнэр харанхуй” (1991) зэрэг кинонуудад гол дүр бүтээж авьяаслаг жүжигчин болохоо харуулж байв.

1997 онд этгээд сонин ааштай, сэтгэл татам, сайхан эцэг хүний дүрийг эмгэнэлт инээдмийн “Амьдрах сайхан” кинонд бүтээж Каннын кино наадамд өндөр үнэлгээ авч улмаар өөрийн бүтээсэн дүрээрээ 1998 оны “Оскар”-ын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртэж байлаа.

Магадгүй энэ кино бүх цаг үеийн хамгийн сайхан зохиолтой, “өөдрөг үзэлтэй” бүтээл байх. Жинхэнэ эр хүний мөн чанарыг уран тод, гайхамшигтай үйл явдлаар хурцалж өгсөн энэ кинонд жирийн нэгэн залуу хайртай бүсгүй, үр хүүхдийнхээ төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж байгаа талаар өгүүлдэг. Гуидо хэмээх эр нацист хорих лагерт хүүдээ дайны бодит байдлыг мэдрүүлж, уй гашууд автаахгүйн тулд хүүтэйгээ хамт хоригдно. Роберто Бенини өөрийн эцэг нь Робертог төрөхөөс өмнө Берген-Бельзений хорих лагерт хоригдож байгаад амьд гарснаас энэ киноны зохиолыг санаа аван бичиж, киногоо өөрөө найруулсан гэдэг.

Хошин шогийн өндөр мэдрэмжтэй Роберто Бенини хамгийн сайн бүтээлүүддээ хайрт гэргий Николетта Брашитайгаа хамтран тоглосон байдаг. “Амьдрах сайхан кинонд ч тэд хамтран тоглосон юм.
Өнөөдрийг хүртэл Роберто Бенини 40 гаруй уран бүтээлийн гол дүрд тоглож, зармиыг нь өөрөө найруулаад байна.





