Швед гаралтай Америкийн жүжигчин, найруулагч, продюсер Дольф /Ханс/ Лундгрен 1957 оны энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд Шведийн Стокхольм хотод мэндэлжээ.

1980-аад оноос уран бүтээлийн гараагаа загварын салбарт ажиллаж эхлүүлсэн ч тэрбээр хэт өндөр бас булчинлаг хэмээн “гологджээ”. Харин дэлгэцийн урлаг түүнийг ээлтэйгээр угтан авсан юм. Тэрбээр 1985 онд бүтээгдсэн “Рокки” киноны дүр болох Оросын боксчин Иван Драгогийн дүрд тоглосноор дэлхий даяар алдаршсан байдаг. Тиймээс ч тэрбээр энэ дүрдээ хамгийн хайртай аж.

Тэрбээр карьерынхаа туршид 100 шахам киноны гол болон туслах дүрд, тэр дундаа эсрэг дүрд тоглосон бөгөөд хамгийн алдартай нь “Бяцхан Токио дахь үймээн”, “Рокки”, “Төгс цэрэг”, “Жошуа”, “Ялагдашгүй” зэрэг юм.


2004 оноос Дольф Лундгрен дэлгэцийн уран бүтээлд жүжигчнээс гадна найруулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн онд “Хамгаалагч” киног найруулж, мөн “Механик”, “Аюултай айлчлал”, “Аллагын машин” зэрэг бүтээлд ч ажиллажээ.

Дольф Лундгрен кино урлагаас гадна өөр олон салбарт хүчээ үзэх дуртай. Тэрбээр 1982 онд Сиднейн технологийн их сургууль, Массачусетсийн технологийн институтийн Фулбрайтын тэтгэлэгт суралцагч, 1980, 1981 оны Их Британийн нээлттэй тэмцээний аварга, 1982 онд Австралийн Кёкусинкай каратегийн аварга болж байв. Мөн АНУ-ын Олимпын шигшээ багийн ахлагч ч байлаа.


