“Туг пикчерс” кино компани “VOO”-гийн хамтын уран бүтээл болох “Ангарагийнхан” олон ангит кино нээлтээ хийлээ. Киноны анхны хувилбар Израилын “United Studios” компанийн бүтээл болох “La famiglia” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд дэлхийн 11 улсад амжилттай хэрэгжсэн төсөл аж. 34 ангитай тус кинонд монгол гэр бүлийн олон асуудлыг хөндсөн бөгөөд өдөр тутмын амьдралыг хөнгөн, хөгжилтэйгөөр харуулсан инээдмийн олон ангит кино юм.
Киноны ерөнхий найруулагчаар МУСТА С.Баттулга ажилласан бөгөөд бүтээлийн зураг авалт гурван сарын турш үргэлжилжээ. Ингэхдээ “Монгол кино үйлдвэр” студид бодит гэрийн уур амьсгал шингэсэн павильон, интерьерийг шинээр бүрдүүлсэн байна.
“Туг пикчерс” кино компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий продюсер Б. Энхжаргал “Дэлхийн 10 гаруй оронд хийгдсэн уран бүтээлийг сонгож авсан. Монгол Улсад гэр бүл салалтын тоо огцом нэмэгдэж байгаа. Жилд 18 мянган гэр бүл шинээр бүртгүүлдэг ч 5 орчим мянган нь салдаг. Үүний улмаас жил болгон 10 мянган хүүхэд өнчирдөг гэх судалгаа бий. Энэ эмзэглэлийн улмаас энэхүү сэдвийг сонгож хийсэн. Үзэгчдэд гэр бүлийн харилцааны боловсрол олгох болов уу гэж бодож байгаа” гэв.
МУСТА, Жүжигчин Г.Нарансолонго “Гэр бүлүүдэд сургалт болохоор кино. Хосын харилцаа болон өсвөр насны хүүхэдтэй аав, ээжүүдийн харилцааны талаарх кино. Амьдралд ойр юм шиг санагдаж байгаа” гэв.
“Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Кожи курушима “Манай компани “Туг пикчерс”-тэй анх удаа хамтран ажиллаж байна. Олон үзэгчийн татаж чадна гэж найдаж байна. Киноны агуулга гэр бүлийн амьдрал. Мөн гэр бүлээрээ хүлээн авч үзэх боломжтой гэдгээрээ онцлог” гэв.
Киноны гол дүрүүдэд МУСТА Ж.Алтаншагай, МУСТА Г.Нарансолонго, МУГЖ О.Гэрэлсүх, АЖ С.Сарантуяа нар тогложээ. “Ангарагийнхан” инээдмийн олон ангит кино нь арваннэгдүгээр сарын 17-оос эхлэн Боловсрол телевизээр болон Mobihome, VOO видео сангаас түрүүлж үзэх боломжтой юм байна.

