Энэ сарын 13-нд нээлтээ хийсэн “Call of Duty” цувралын “Black Ops 7” хувилбарын “Solo Mode” буюу ганцаарчилсан горим тоглогчдоос шүүмжлэл хүртлээ.
“AI companion” буюу зохиомол хамтрагч тус горимд байхгүй тул бүх даалгаврыг ганцаараа гүйцэтгэх шаардлагатай болжээ. Ингэснээр тоглолтын явц нэг хэвийн, тактикийн сонголт хязгаарлагдаж байгаа талаар хэрэглэгчид онцолжээ.
Түүнчлэн кампанит горимд хяналтын цэггүй тул тоглогч нэг удаагийн тоглолтоор бүх хэсгийг дуусгах шаардлагатай. Видео тоглоомын мэдээ мэдээллийн томоохон сайт болох IGN уг горимд 10-аас 6 оноо өгч, “Онлайн горимд илүү тохирсон бүтэцтэй, ганцаарчилсан горимыг сүүлд нөхөж хийсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн” хэмээн дүгнэсэн байна.
Эдгээр шүүмжлэлийг харгалзан үзвэл “Black Ops 7”-ийн ганцаарчилсан тоглолт хөгжүүлэлт дутуу, бүтэц сул, тоглогчийн чөлөөт эрхийг хязгаарласан гэх үнэлгээ давамгайлах болжээ. Харин олон тоглогчтой горимын хувьд боломжит шинэчлэлүүд байгаа ч тоглогчдод энэ хувилбар сэтгэл гонсойлгосон бүтээл болсон гэж дүгнэж байна.

