“Паддингтон”, “Вонка” киноны найруулагч анхны “Лабубу” киноны найруулагчаар ажиллана. “Sony Pictures” компанийн бүтээх, алдарт Лабубу тоглоомын цувралаас сэдэвлэсэн шинэ киноны найруулагчаар Пол Кинг ажиллахаар болжээ. Хятадад үйлдвэрлэсэн, үслэг мангас маягийн Лабубу хүүхэлдэйнүүд нь цуглуулгын аксессуар хэлбэрээр асар их алдартай болсон. Өнгөрсөн сард “Sony” уг дүр дээр суурилсан кино хийх дэлгэцийн эрхийг авсан талаараа зарласан юм.
“The Hollywood Reporter”-ийн мэдээлснээр, найруулагч Пол Кинг уг киног найруулж, “Department M” болон Вэньсинь Шэтэй хамтран продюсерлох аж. Одоогоор зохиолын талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа бөгөөд амьд дүрслэлтэй (live-action) эсвэл анимэйшн хэлбэрийн алинаар бүтээгдэх нь ч тодорхойгүй байна.
Пол Кингийн өмнөх бүтээлүүдэд “Паддингтон” (2014), “Паддингтон 2” (2017) ордог бөгөөд эдгээр нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, дэлхий даяар 500 сая ам.долларын орлого олсон. Тэрээр мөн Тимоти Шаламегийн гол дүрд нь тоглосон, шоколад үйлдвэрлэгч Вилли Вонкагийн гарал үүслийг өгүүлсэн “Wonka” (2023) киног найруулсан бөгөөд уг кино 600 сая гаруй ам.долларын ашиг олжээ.

“Лабубу”-гийн дүрүүдийг Хонконгт төрсөн зураач Касинг Лун 2015 онд анх бүтээсэн. Тэрээр Скандинавын домгоос сэдэвлэн “The Monsters” нэртэй өгүүллэгийн цувралдаа эдгээр амьтдыг зохиосон бөгөөд дараа нь “Pop Mart” тоглоомын компани зөөлөн хүүхэлдэй болгон зах зээлд гаргасан. Туулай шиг чих, том нүд, аймшигтай харагдах шүдээрээ онцлог Лабубу хүүхэлдэйнүүдийг ихэвчлэн “blind box” буюу задлахаас өмнө яг аль загвар байгааг нь мэдэх боломжгүй хэлбэрээр буюу хайрцаглан худалдаалдаг. Ердийн загваруудаас гадна маш ховор, цуглуулагчдын эрэлттэй “нууц хувилбар” (secret edition) Лабубу ч бий. Үүнд энэ хавар гарсан “Big Into Energy” цуврал багтана.
“Blind box” загварын худалдаа нь хоёрдогч зах зээлийг эрчимтэй тэлсэн гэдэг. Энэ зуны эхээр зарим Лабубу хүүхэлдэйнүүд 1000 ам.доллараас дээш үнээр дахин зарагдаж байсан бол, хүүхдийн хэмжээтэй нэг Лабубу ойролцоогоор 150 000 ам.доллараар зарагдсан тухай мэдээлжээ.

