“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд өчигдөр /2026.01.12/-өөс олон нийтэд дэлгэж байна.
Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг уралдааныг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ удаагийн уралдааны онцлог нь их эрдэмтэн Б.Ренчиний зохиол, бүтээлээс сэдэвлэн уралдааны бүх ангиллын бүтээлийг туурвисан. Тухайлбал, “Сайхан бичигтэн анги” ангилалд оролцсон хүүхдүүд Б.Ренчиний “Монгол хэл” хэмээх алдарт шүлгийг бичиж, ур чадвараа сорин уралдлаа.
Найман ангилалтай энэхүү уралдаанд 70 гаруй шилдэг бүтээлийг дэлгээд байна. Эдгээрээс “Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд, монгол бичигтнүүд” ангилалд 2025 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Япон улс гэсэн таван улсын иргэн оролцлоо.
Энэ жилийн бас нэг онцлох үйл явдал нь Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-ны гурван ажилтан уралдаанд оролцсон явдал байлаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган монгол бичгийг анхнаас нь бие даан суралцаж байна. Тус уралдаанд сонирхогчийн хувиар оролцсон нь энэ жилийн уралдааны онцгой содон үйл явдлын нэг болсон юм.
“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаан нь 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн. Энэ жилийн 29 дэх удаагийн шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд энэ сарын 15-нд болно.













Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

